Өнөөдөр \2025.04.25\ Марс-Ви төслийн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн 2025 оны анхны хурал боллоо.
”Марс Ви” төсөл нь сансрын технологийн шинжлэх ухааны туршилт, судалгаа, хөгжүүлэлтээр дамжуулан дэлхийд Монгол Улсын үнэ цэн, оролцоог өсгөх боломжтой чухал төсөл билээ. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын шинжлэх ухааны салбарт шинэ сорилт, шинэ боломжууд нээгдэхээс гадна уул уурхай, хөдөө аж ахуйгаас хараат эдийн засгаа солонгоруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэн , энэ салбарыг сонирхох залуусын тоог нэмэгдүүлэх боломжтой юм.
Монголын говь нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, цаг агаар Марс гарагтай хамгийн төстэй гэдгийг олон улсын сансар судлаачид нотолжээ. Тиймээс Монголын чадварлаг залуус 2019 оноос хойш энэ төслийг хэрэгжүүлж, богино хугацаанд дэлхийн сансар судлалын томоохон байгууллагуудтай холбоо тогтоон амжилттай хамтран ажиллаж байна.
Сансар судлалын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 8-10 дахин нэмэгддэг учраас Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага энэ салбарт төвлөрч буй. Тиймээс бид дэлхийн хөгжлийн шинэ цаг үетэй уялдуулж ажиллах, ирээдүйн боловсон хүчнээ хиймэл оюун ухаан, сансар судлал, шинжлэх ухааны салбарт тулгуурлан бэлтгэх, төрөөс бүх талаар дэмжиж ажиллахад анхаарах хэрэгтэй юм.
Өнөөдрийн хурлаар Марс-Ви төслийн танилцуулга, Марс-Ви төслийг дэмжих ажлын хэсгийн 2022-2024 оны тайлан, Марс-Ви төслийн 2025 оны төлөвлөгөө, ”MARC-V” технологийн парк байгуулах дэд төсөл, ”Буянт Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын дэргэд сансар судлалын төв, сансрын музей байгуулах дэд төсөл, Марсын аналоги төвийн алсын удирдлагын төвийг байгуулах дэд төсөл, Марс төст гадаргуу дээр явах тээврийн хэрэгсэл бүтээх дэд төслийг танилцуулжээ.
2025 оноос эхлэн Марс-Ви төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газраас Марс-Ви төслийг түшиглэж хэрэгжих олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж дэлхий нийтийн сонирхлыг татсан шинжлэх ухаанд тулгуурласан шинэ үүд хаалгыг нээхээр зорьж байна.