УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийг хүчингүй болгосноор импортын гаалийн албан татварыг эргүүлэн сэргээх юм. Уг хуулийг 2023, 2024 оны өвөлжилт, хаваржилт нэлээд хүндэрч УИХ шийдвэр гаргаж гурилын болон улаанбуудайн малын тэжээлийг татваргүй оруулж үнийн хөөрөгдлийг барих зохицуулалтын арга хэмжээг авч, 2024.05.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг.
Гэтэл жил хүрэлгүй уг хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг салбарын сайд нь өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байна.
Төр үндэсний үйлдвэрүүдээ дэмжих, ард түмэнд хүрч буй гурилын үнийг хямд байлгах зорилгоор тариаланч, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, татаас олгож ирсэн. Гэвч хөнгөллөө, татаас өглөө гээд ард түмэн хямд гурил идэж байгаагүй нь үнэн. Үйлдвэрлэгчдэд өгсөн зээл татаас хэдэн арван тэрбумаар хэмжигдэнэ.
2020-2024 онд гурилын үйлдвэрүүдэд 209 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Энэ зээлийн хүүгийн зөрүүг төр буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг. Гэтэл төрд мөнгө нь илүүдэж ард түмэн үнэтэй гурил идэхийн төлөө үүнийг хийдэг хэрэг үү?
Ж.Энхбаяр сайдын оруулж ирсэн энэ төсөлд дийлэнх гишүүд эсэргүүцсэн байр суурь илэрхийлэв. Эсэргүүцсэн гэхээсээ илүүтэй салбарын бодлого буруу “хувь хүний” бодлого яваад байгааг шүүмжлэв Ер нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй гэх гишүүд ч тэр, ард иргэд ч тэр нэгээхэн ч байхгүй. Чухам үндэсний үйлдвэрлэгчид өөрсдөө ард түмэндээ хайртай байх, эх оронч бодлого төрд биш үндэсний компаниудад өөрсдөд нь хэрэгтэй байна. Харамсалтай нь Монголын ХАА-н салбар дахь монополь эздийн төлөөлөл болсон Ж.Энхбаяр сайд эх орноо цусаараа, амиараа хамгаалах тангараг өргөж нэр төртэйгөөр хайрлагдсан асан генерал аав шигээ ард түмнийхээ төлөө төрийн сайдын албаа хашиж чадаж байна уу?