БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ


Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо. 

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна Өчигдөр
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Өчигдөр
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ Өчигдөр
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа Өчигдөр
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина Өчигдөр
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна Өчигдөр
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа 2026/06/11
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана 2026/06/11
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 2026/06/11
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно 2026/06/11
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ 2026/06/11
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал 2026/06/11
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана 2026/06/11
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2026/06/11
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ 2026/06/11
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно 2026/06/11
БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 2026/06/10