Хуурамч дипломтойгоор төрийн, улс төрийн албан тушаалд олон жил ажилласан Увс аймгийн Засаг дарга асан Э.Насанбатыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь олонхийн саналаар огцруулаад байгаа. Гэтэл одоо хуурамч дипломных нь араас төрийн "хулгай" нь илэрч аймгийн ИТХ-аас Ерөнхий сайд Н.Учралд хандан дараах санал, баримтыг уламжилжээ мэдүүлжээ.
САНАЛ УЛАМЖЛАХ ТУХАЙ
2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 14 дүгээр хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-аас баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр аймгийн Засаг дарга Эвэлсүрэнгийн Насанбатыг огцруулах санал гарган хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 62.8 хувь нь буюу олонхын саналаар дэмжиж, шийдвэрлэсэн.
Үүнд:
1. Засаг дарга Э.Насанбат нь Техник технологийн их сургуулийг D200913460 дугаартай диплом бүхий авто замын барилгын инженер мэргэжилтэй гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, Засаг даргаар томилогдох үедээ мэдүүлсэн.
2. “Улаангом сумын ус, дулаан дамжуулах төвийн өргөтгөл шинэчлэлийн эхний хэсэг (Увс, Улаангом)” 3 445 975 345 төгрөгийн дүнтэй гэрээг өөрийн эхнэрийн компанийн барьж буй орон сууц руу татуулахаар гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийг зөрчсөн.
3. “Улаангом сумын хог хаягдал төсөл, арга хэмжээний хүрээнд төвлөрсөн хогийн цэгийн нөхөн сэргээлт ажил” гүйцэтгэх УВАХХАА (20250101001) дугаартай тендерийн гэрээг 743 943 712 төгрөгийн дүнтэйгээр байгуулсан гэрээний үлдэх хөрөнгийн харилцаатай холбогдох төлбөр тооцоог хийхэд зөрчил үүсэж болзошгүй.
4. УВАХХАА (20250102008) дугаар бүхий 999 999 751 төгрөгийн дүнтэй “Морь барианы газрын тохижилт” бараа худалдан авах гэрээг төрсөн дүү Э.Батсүхэд хамаарах төлбөр тооцоог хийхэд зөрчил үүсэж болзошгүй.
5. Инженерийн шугам сүлжээний ажил (Увс, Улаангом сум) 4.5 тэрбум төгрөг төслийн зориулалтыг зөрчиж, өмнөх Засаг даргатай өөрийн эхнэрийн “Мөнхжим өргөө” ХХК-аар гүйцэтгүүлж, өр төлбөр үүсгэсэн.
6. Аймгийн Засаг дарга Э.Насанбат “Эдшил” ХХК-ны захирал Ө.Ганболдтой “Спорт ордны барилгын зураг төсөв (Увс, Улаангом)” төсөл, арга хэмжээний зураг төсөл боловсруулах ССАЖЗЯ/20260101026 дугаар бүхий гэрээг хууль зөрчиж байгуулсан.
7. Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн тэргүүн асан Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол, ажлын хэсгийн төлөвлөгөөг зөрчин “Чандмань арт” ХХК-тай шууд ажил гүйцэтгэх гэрээг хууль зөрчин байгуулсан.
8. Шинэ Улаангом захын 3 тэрбум төгрөг төслийн сонгон шалгаруулалтыг Үндсэн хууль, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг зөрчиж, илт ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн.
Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 14 дүгээр хуралдаанаар батлагдсан 38, 39 дүгээр тогтоол, холбогдох материалын хамт уламжилж байна.
Хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.