Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, Нөмрөгийн Дархан цаазат газар гарсан гал түймэрт өртөөгүй 30 орчин хувь буй. Энэ хэсэгт байгалийн амьтадын төвлөрөл их байгааг судалгаагаар тогтоосон байна. Иймээс цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан зэрлэг амьтадад зориулсан биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир шуурхай хуралдлаа.
Хуралд Ерөнхийлөгчийн байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх, Улсын онцгой комисс, Хил хамгаалах ерөнхий газар, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Халх Нөмрөг нутгаа сэргээе” ТББ-ын төлөөлөл танхимаар, Дорнод, Сүхбаатар аймгийн байгаль орчны газар, Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа болон холбогдох албаныхан цахимаар оролцлоо.
Хурлын эхэнд Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар нөхцөл байдлын мэдээлэл өгөв.
“Түймрийн хохирлын үнэлгээг тогтоох хүрээнд 3 ажлын хэсэг 14 хоногийн турш ажилласан. Зэрлэг амьтадын хувьд шатаагүй үлдсэн хоёр талбай байгаа. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг орчимд түйвэрт өртөөгүй. Энэ хэсэгт бөөгнөрөл, нягтаршил жирийн үеэс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Иймээс энд өвөлжих амьтадад биотехникийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээд байгааг онцлов. 2024, 2025 онд хамгаалалтын захиргаанаас биотехникийн арга хэмжээг өөрсдийн нөөцөд тулгуурлан авч байсан гэдгийг дурдлаа. Түүнчлэн тухайн бүсэд машинаар болон мориор самналт хийхэд, одоогийн байдлаар түймэрт өртөж хорогдсон зэрлэг амьтан таараагүй гэлээ.
Мөн орчны бүсэд нутаглаж буй 4 айл бий. Эдгээр айлуудын мал зэрэгцэн бэлчээрлэж, зарим үед хүний хөдөлгөөн үүсэж зэрлэг амьтадыг үргээх тохиолдол гардаг. Иймд энэ жилдээ тухай айлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран нутгийн гүн рүү нүүлгэх арга хэмжээ авах талаар санал хэлэв:
Үнэлгээний 3 ажлын хэсэг шинжээчдийн багийн хувьд газар дээр нь ажиллах судалгаа, шинжилгээний ажил ерөнхийдөө дүүрч, цэгүүдийн тоо мэдээллээ нэгтгэх, судалгаан дээрээ ажиллаж байгааг дурдав".
Түймрийн дараах хохирлын үнэлгээг нарийвчлан тогтоох, цаг алдалгүй нөхөн сэргээлтийг шат дараалалтай хийх, түймэрт өртөөгүй хэсэгт бөөгнөрөл үүссэн зэрлэг амьтадыг өвөлжилтөд хорогдолгүй авч үлдэх арга хэмжээг яаралтай зохион байгуулах хэрэгтэй тул товлолгүй шуурхай хуралдаж байгааг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцоллоо.
Шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэнгүүд, энэ чиглэлийг эрдэмтэн судлаачдтай хэд хэдэн уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Газар дээр нь ажиллаж байгаа шинжээчдийн багийн нөхцөл байдлын үнэлгээ, дүгнэлт гарсны дараа нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг гаргах чухал байгаа.
Түймрийн эрчим, өртсөн талбай, хөрсний шинжилгээ зэрэгт үндэслэн богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүд гарна. Эхний ээлжид буюу хур тунадас ихээр орохоос өмнө түймэрт өртөөгүй талбайд үлдсэн байгалийн амьтдыг өвөлд бэлтгэн, хорогдолгүй авч үлдэх ажлыг зохион байгуулах нь чухал байна гэдгийг дурдав.
2018, 2022 онд тус газар нутагт мэргэжлийн байгууллага хийсэн судалгаагаар ойн туруутан амьтан 3000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10 мянга гаруй бор гөрөөс байх боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон. Эдгээр амьтадад зориулан Хамгаалалтын захиргаанаас өмнөх жилүүдэд 2-3 мянга боодол өвс бэлтгэн биотехникийн арга хэмжээ авдаг байсан.
2026 оны хувьд түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан 25 -30 мянган боодол өвс бэлтгэн биотехникийн арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.
Энэ ажлыг яаралтай зохион байгуулах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд дараах үүрэг чиглэлийг өгөв.
• Орчны бүсийн 3 аймаг буюу Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бэлтгэсэн өвсний нөөц, ард иргэдийн бэлтгэсэн хадлангийн нөөцийг тооцоолон, Нөмрөгийн заставыг түшиглэж боломжит байршлуудад өвс тэжээлийн цэг байгуулах, хамгийн ойр боломжит байршлаас цэгүүдэд өвс тэжээлийг татан төвлөрүүлэх, хуримтлуулах, нөөцлөх ажлыг зохион байгуулах,
• Дээрх ажилд шаардлагатай хүн хүч, машин техникийн тооцоо, судалгааг гаргах, өвс тэжээлийн нөөцийн тооцоо судалгааг Хүнс хөдөө, аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын онцгой комисс, холбогдох газар хэлтсүүд гаргах,
• Зэрлэг амьтадын үргээхгүй байх, бэлчээр, орон зайг чөлөөлөх хүрээнд орчны бүсэд нутаглаж буй айлуудыг боломжит байрлалд нүүлгэн шилжүүлэх ажлыг аймаг орон нутаг зохион байгуулах,
• Орчны бүсийн аймаг, орон нутгийн иргэдийн нөөцөд худалдахаар бэлдсэн өвс, тэжээлийн нөөц, үнийн тооцоо судалгаа гаргахыг аймгийн орон нутгийн удирдлага, Байгаль орчны газруудад чиглэл болгов. Гаргасан тооцоо судалгаанд үндэслэн шаардлагатай төсөв санхүүжилтийг Засгийн газрын хуралд танилцуулан шийдвэрлэх юм.
Хуралд Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргэлтэд хамтран ажиллах хүрээнд байгуулагдаад байгаа Дорнод аймгийн төлөөллөөс сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, “Халх Нөмрөг нутгаа сэргээе” ТББ-ын үүсгэн байгуулагчид оролцож санал, хүсэлтээ танилцууллаа. Тэдний зүгээр төрлөх нутаг, унаган байгалиа сэргээх ажилд иргэдийн төлөөлөл болон төрийн байгууллагатай хамтран ажиллах, нөгөө талаар иргэд олон нийтийн хяналт тавих, газар дээр нь ажиллах хүн хүчний дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.