2026 оны аравдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 455,149 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаж, вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ.
Улаанбаатар хотод вакцинжуулалтын хамралт 92.5 хувьтай, орон нутагт 88.9 хувьтай байна.
Нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрхан дүүрэг 100 хувь, Хан-Уул дүүрэг 99.8 хувь, Баянзүрх дүүрэг 97.8 хувийн хамралтаар тэргүүлж байна.
Харин аймгуудаас Архангай, Сэлэнгэ аймаг 100 хувь, Дорноговь аймаг 97.5 хувийн хамралттайгаар эхний байруудад жагсаж байна.
Томуугийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлж, иргэдээ идэвхтэй хамруулан ажиллаж буй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, эмч, сувилагч, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэддээ талархал илэрхийлье.
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна. Насны бүлгээр авч үзвэл 6 сартайгаас 1 хүртэлх насны хүүхдийн хамралт 100 хувь, 1–2 насны хүүхдийнх 49.7 хувь, 3–6 насны хүүхдийнх 91.3 хувьтай байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулж, халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Аймаг, дүүрэг бүр вакцинжуулалтын хамралтаа нэмэгдүүлж, томуугийн улирлыг хамтдаа эрүүл, аюулгүй угтацгаая.