Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар (COP-17) хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.
Тэрбээр “Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт. Шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэхийн тулд хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн зохион байгуулалтыг шуурхай байлгах ёстой” гэдгийг онцоллоо.
Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/14 дүгээр тушаалаар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлын хэсэг байгуулж, төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлтгэлийг үе шаттайгаар хангажээ.
Хурлын цэнхэр болон ногоон бүсэд 4 эмнэлгийн тусламжийн цэг, 4 хөдөлгөөнт яаралтай тусламжийн баг, түргэн тусламжийн тоноглол бүхий 7 автомашин байршуулж, нийт 52 эмнэлгийн мэргэжилтэн үүрэг гүйцэтгэж байна.
Мөн шаардлагатай тохиолдолд хурлын төлөөлөгчдөд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхээр 9 эмнэлгийг бэлэн байдалд оруулсан.
Ийнхүү Эүүл мэндийн яам COP-17-ын бүхий л үе шатанд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, шаардлагатай үед яаралтай болон лавлагаа шатлалын тусламжийг цаг алдалгүй хүргэх нэгдсэн зохион байгуулалт, бэлэн байдлыг ханган ажиллаж байна