Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах тухай төслийг НОБГ-ын дэд дарга бөгөөд Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяр танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, хүн амын өсөлт, хэт төвлөрөл, техник, технологийн өндөр хурдацтай хөгжлөөс шалтгаалан байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгдэж, түүний хохирол жил ирэх тусам өсөж байна.
Нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа дээрх тоон үзүүлэлт нь Монгол Улсын гал түймрийн дуудлагын 55 хувийг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 41.8 хувийг, нийт дуудлагын 52,2 хувийг тус тус эзэлж байна.
Гал түймэр, гамшиг ослын хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх менежментийг сайжруулахад Онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах шаардлага үүсээд байгааг тэрбээр танилцууллаа.
Шуурхай удирдлагын төв байгуулснаар өдөр тутмын хяналт сайжирна, гамшиг осол, гал түймрийн үед нөхцөл байдлыг шууд дамжуулах, шуурхай удирдлага, зохицуулалтаар хангагдана, эрсдэлт байршлыг тодорхойлж, хохирлын хэмжээг бууруулна, гамшгийн мэдээллийн нэгдсэн сантай болно, гал түймэр, ослын дуудлагад очих хугацааг дунджаар 3–5 минутаар богиносгонох ач холбогдолтой гэнэ. Мөн хүний амь нас, эд хөрөнгийн хохирлыг бууруулахаас гадна ОБЕГ, НЗДТГ, нийслэлийн Онцгой комиссыг бодит мэдээллээр хангах юм. Шуурхай удирдлагын нэгдсэн төвтэй болсноор бэлэн байдал 50, алба хаагчдын аюулгүй байдал бүрэн хангагдах аж.