АНУ ба БНХАУ-ын хоорондох “худалдааны дайн”-д хэн ялав

Админ
Өчигдөр 17 цаг 10 минут

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнууд болох АНУ ба БНХАУ-ын хооронд 2018 оны зунаас хойш үргэлжилсэн худалдааны дайнд Хятад улс ялсан нь 2020 оны эдийн засгийн үзүүлэлтүүдээс харагдаж байна. Хэдийгээр дэлхий нийтийг цар тахал нөмөрч, улс орнууд ихээхэн хямраад байгаа ч Хятад улс эсрэгээрээ ашигтай ажиллажээ. Энэ нь тус улсыг АНУ-аас илүү бөх бат суурьтай гэдгийг харуулж байна гэж судлаачид дүгнэсэн байна.

Бээжингийн эрх баригчдын гаргасан тоон мэдээллээс харахад 2020 оны нийт дүнгээр тус улсын гадаад худалдаа 535 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2019 оны үзүүлэлтээс 27 хувиар өссөн дүн болсон байна. Түүнчлэн өнгөрсөн онд тус улсын экспортын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрчээ.

Энэхүү өсөлтөд цар тахлыг эрт дарж, эдийн засгаа сэргээсэн, дэлхий даяараа хүмүүс гэрээсээ ажиллах горимд шилжиж буй учир электрон тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн эрэлт нэмэгдсэн, дэлхийн бусад улс орнууд Хятадаас хамгаалах хэрэгсэл ихээр худалдаж авч байгаа зэрэг шалтгаанууд нөлөөлсөн гэв.

Мөн 2020 онд Хятад улс АНУ-тай хийдэг худалдаанаас 317 тэрбум ам.долларын ашиг олсон нь өмнөх оноос долоон хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ бүгдээс харвал хоёр улсын худалдааны дайнд Хятад улс ялсан гэж дүгнэж болно гэж судлаачид үзэж байна. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна