Жо Байдэн гэж хэн бэ?

Админ
2021/01/09

АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Жо Байден 2021 оны 1-р сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх юм.

  • Тэрээр 1942 оны 11-р сарын 20-нд Пенсильвани мужийн Скрэнтон хотод мэндэлсэн. Арван настайдаа гэр бүлийн хамт Делавар мужийн Уилмингтон хот руу нүүснээр өнөөдрийг хүртэл энэ хотод амьдарч байна.
  • Багадаа ээрүү хүүхэд байсан ба толины өмнө олон цаг дасгал хийснээр оюутан болохоосоо өмнө хэвийн хэл яриатай болжээ.
  • Түүний эцэг эх ирланд цагаачид бөгөөд Ромын католик шашинтай. Тэрээр АНУ-ын түүхэн дэх Жон Кеннедигийн дараах хоёр дахь католик шашинтай ерөнхийлөгч болох аж.
  • Жо Байден 1972 онд 29 настайдаа анх АНУ-ын сенатын гишүүн болж, 36 жилийн турш Делавар мужийн сенатораар ажиллажээ. Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн залуудаа сенатор болсон тав дахь хүн юм.
  • 1972 онд сенатын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан анхны эхнэр Нэйлиа, хоёр том хүү, 13 сартай бага охин Наомигийн хамт автын осолд орж, эхнэр, охин хоёроо алджээ. Хоёр хүү нь хүнд бэртсэн ч бүрэн эдгэрсэн байна. Байден сенатын гишүүний тангаргаа хэвтэрт байсан хүүгийнхээ орны дэргэд өргөж байсан гэдэг.
  • Ослын дараа Байден машинаар зорчихоо больж, 30 гаруй жилийн турш Уилмингтон хот дахь гэрээсээ өдөр бүр нийслэл Вашингтон руу галт тэргээр ажилдаа явдаг болсон.
  • 1977 онд англи хэлний багш Жилл Жэкобстой гэрлэж, 1981 онд тэд Эшли гэх охинтой болжээ. Хосууд анх сохор болзоогоор танилцсан ба болзооний дараа түүний эхнэр Байденг “Үнэхээр боловсон эр” хэмээн ээждээ магтан ярьж байсан гэнэ.
  • 2008-2016 онуудад ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанд дэд ерөнхийлөгчөөр ажилласан.
  • 2015 онд түүний ууган хүү Бо Байден тархины хорт хавдрын улмаас 46 насандаа таалал төгсжээ. Энэ явдлын улмаас Байден 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлээгүй байна.
  • 2016 оноос хойших хугацаанд гэргийтэйгээ хамт бичсэн номоосоо болон урилгаар илтгэл тавьж орлого олсон нь $9 сая хүрсэн гэж Форбс сэтгүүл тооцоолсон. Байден “Promises to Keep”, “Promise me, Dad” гэсэн хоёр ном бичжээ.
  • 1988, 2008 онуудад ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших сунгаанд оролцож байжээ. Гурав дахь удаагийн оролдлогынхоо үр дүнд тэр АНУ-ын ерөнхийлөгч болох гэж байна.
  • Тэрээр 78 насандаа ерөнхийлөгчийн тангараг өргөх ба ингэснээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгч болсон хүн болно.
  • Эцэг эхийнх нь амьдралд архи гай болж байсан тул согтууруулах ундаа огт амсдаггүйгээ Байден хэлж байв. 2016 онд болсон нэгэн арга хэмжээний үеэр “Би уудаггүй. Тамхи татдаггүй. Харин маш их зайрмаг иддэг хүн” гэж хэлж байжээ.
  • Тэрээр ялалт байгуулсныхаа дараа “Элэг нэгт Америкчуудаа бид улсынхаа түүхэнд анх удаа 74 сая иргэний санал авч итгэл дүүрэн ялалт байгууллаа. Надад итгэл хүлээлгэн сонгосон та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Би улс үндэстнээ Бүгд найрамдах болон Ардчилсан намын муж гэж хуваадаг биш нэгтгэдэг ерөнхийлөгч байхаа амлаж байна. Бид Америк үндэстэн болохоос дайснууд биш. Би Ардчилсан намаас нэр дэвшсэн ч одоо бол АНУ-ын ерөнхийлөгч. Тиймээс надад санал өгсөн, өгөөгүй бүх хүний төлөө шаргуу ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна