Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсан орчимд нийт 17 мянга гаруй оршин суугч амьдардаг. Тус хороонд байрлах “Улаанбаатар Америк” сургуулийн ойр орчимд хүний хөдөлгөөн ихтэй боловч явган хүний замгүй учраас иргэд авто замаар зорчдог байна. Оршин суугчид болон Хан-Уул дүүргийн холбогдох албаныхны хүсэлтийн дагуу НХШГ-аас тус байршилд ажиллаж, ирэх долоо хоногт явган хүний зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөлөө.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Энэхүү байршилд олон жил явган хүний замын асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс “Улаанбаатар Америк” сургуулийн удирдлагуудтай зөвшилцөж, сургуулийн хашааг татаж явган хүний замыг шинээр барихаар боллоо. Мөн тус хэсэгт цэвэр усны шугам байрладаг учир УСУГ-тай хамтарч явган хүний замын зураг гаргах бөгөөд төслийг ХУД-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ” гэв.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “Манай дүүргийн 11 дүгээр хорооны иргэдээс энэ байршилд явган хүн явах боломжгүй байна гэсэн гомдол, хүсэлт ирүүлсний дагуу 2024 оны төсөвт явган замын ажлыг суулгаж, тендерийг зарлаж, гүйцэтгэгч компани шалгарсан. Гэвч энэ байршилд цэвэр усны шугамын ажил явагдаж байсан тул нэг жилээр хойшилсон. Явган хүний замын ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс НХШГ болон холбогдох албаныханд бичиг хүргүүлж, ирэх долоо хоногт ажлыг эхлэхээр боллоо” гэлээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Ариунтай “Манай хороо нь албан болон албан бус оршин суугч нийлээд нийт 17 мянган хүн амтай. Зайсангийн цэвэр усны шугамын ажил нь өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн хэсэгт газар чөлөөлөлтийн асуудлаар бага зэргийн удаашралтай байна. Тийм учраас НХШГ, УСУГ хамтарч явган хүний зам болон цэвэр усны шугамын ажлыг түргэсгэж байгаад талархаж байна” гэв.
Түүнчлэн “Улаанбаатар Америк” сургуулийн зүүн талд автомашин болон явган хүний хөдөлгөөн их байдаг учраас шинэ явган замыг хамгийн багадаа 1.5 метр өргөн хийхэд тохиромжтой гэдгийг НХШГ-аас зөвлөлөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС