Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдож, анхан шатны шүүхээс тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгвэл уг шийдвэрийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүх 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Б.Цэрэндорж болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцжээ.
Шүүхийн дүгнэлтээр, анхан шатны шүүх Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.