УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тодруулбал, 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам"-ын 7.1-д “Комисс үнэлгээг эцэслэн нягталж онооны дарааллаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн оролцогчийн нэр, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, холбогдох баримт бичгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ.” гэж заасан байдаг. Үүний дагуу нийт үнэлгээгээр хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийн шалгаруулалтын тайлан болон холбогдох материалыг танилцуулсан байна. Ингээд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Ц.Амартөгс, Б. Төгсцэнгэл, Л. Золзаяа нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар болжээ. Нэмж хэлэхэд Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй бөгөөд УИХ-ын тухай хуулийн 68.2-т зааснаар Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна" гэж заасны дагуу томилдог.
Тэгвэл ТАЗ-ийн гишүүдээс Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нарын томилгооны хугацаа ирэх тавдугаар сард дуусаж буй юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэх бөгөөд нэр дэвшигчдийн сонсгол зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар удирдаж явуулахаар боллоо.