Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг зохион байгуулах хүрээнд “Түншлэл хамтын ажиллагаа үзэсгэлэн” худалдаа, Хойд бүсийн хоршоологчдын зөвлөгөөн, Аялал жуулчлалын бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, Хойд бүс нутагт хэрэгжих бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, В2В уулзалт, Санамж бичиг зурах зэрэг арга хэмжээг тус тус төлөвлөн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар тогтсон.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Агуулга: Бүсийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага хооронд төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, шинэчлэлтүүдийг хэлэлцэх, санал солилцох, бүсэд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл солилцох зорилготой. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсийн хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох, бүсийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг экспортод гаргах боломжийг бий болгох зорилтот уулзалт юм.
Хойд бүсийн төслийн танилцуулга дээр 13 хоршоо, 21 төслийн танилцуулга хийгдэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.
САНАМЖ БИЧИГ ЗУРАХ
Агуулга: Бүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын болон олон улсын худалдан авагч, хөрөнгө оруулагч, худалдааны төлөөлөгчидтэй холбох зорилготой. Мөн бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр дэмжих, хамтран хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага болон бүс, орон нутгийн аймаг, сумдын төлөөлөгчид хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ юм.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ТАНИЛЦУУЛГА
Агуулга: Бүс орон нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, аймаг, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах, шилдэг хоршоодыг алдаршуулах, орон нутгийн туршлага, санаачилгыг хуваалцаж, бизнес, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах зорилготойгоор цг үзэсгэлэнгийн танилцуулга болно.
“ТҮНШЛЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮЗЭСГЭЛЭН” ХУДАЛДАА
Агуулга: Бүсийн аймаг, сумдын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм. Хойд бүсийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгж, хувь хүн, хоршоод болон орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд, бизнесийн хөрөнгө оруулалт, түншлэл, экспортын боломжийг өргөжүүлэх чухал ач холбогдолтойгоороо онцлог юм.
ХОЙД БҮСИЙН ГУРВАН АЙМГИЙН ХАМТАРСАН СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ
Агуулга: Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгаас зохион байгуулах гурван аймгийн хамтарсан урлаг соёлын арга хэмжээ юм. Бүс орон нутгаас төрөн гарсан болон амьдарч байгаа уран бүтээлчид, урлаг соёлын алдартнууд, ардын авьяастнуудын төлөөлөл оролцоно. Нутгийн онцлог, соёлын өвийг дэлгэрүүлэх, хадгалан үлдэх, сурталчлах нэгэн ховор боломж бүрдэж байгаа юм.
ХОРШООДЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Агуулга: Бүс орон нутгийн хүрээнд малчид, иргэд өнөө цагт хүчээ нэгтэж, хамтарч хоршиж байж олон жилийн ченж системийг халж, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, газар тариалангаасаа ашгаа хүртдэг болох зорилготойгоор хоршоолох хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа билээ. Хойд бүс нутгийн хоршоологчдын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ы үеэр зохион байгуулагдаж байгаа эдгээр дагалдах арга хэмжээ нь бүсийн зөвлөлийн хуралдааны ач холбогдлыг тодотгох, орон нутгийн онцлог, түүх соёлыг таниулах, жижиг дунд бизнес эрхлэгчид болон хоршоод хамтаран бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцан туршлага солилцох,брэнд бүтээгдэхүүн, урлаг соёлын өв, байгалийн дурсгалт, үзэсгэлэнт газруудаа дотоод гадаадад сурталчлан таниулах зорилготой юм. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүхий л талын оролцоог хангаж, тухайн бүсийн онцлог, давуу тал, ялгаатай нөхцөл байдалд тохирсон байдлаар гарц шийдэл олох, хэрэгжүүлэх үйл хэрэг Хойд бүсээс тэр дундаа Булган аймгаас ийнхүү эхэлж байна.