Борлуулалтын орлогын 1%-ийн татварын хөнгөлөлтөөрөө Ай Ти Зон ХХК нь Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуульд (МУИС-МТЭС) "Кибер аюулгүй байдал ба Сүлжээний лаборатори"-ийг байгуулж, албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү лаборатори Fortinet компанитай хамтарсан төсөл агаад хоёр компаний хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулсан нийгмийн хариуцлагын томоохон энэ ажил нийт 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар, Fortinet-ийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр (Firewall, Switch, Access Point, Analyzer гэх мэт) иж бүрэн тоногложээ.
Мөн Intel Ultra процессортой компьютер, сервер, ухаалаг самбар зэрэг сургалтын орчин бүрдүүлж, жил бүр 200 гаруй оюутан орчин үеийн технологид суурилсан онол-практикийн гүнзгий мэдлэг, ур чадвар эзэмших боломжтой болж байна.
Цаашид Ай Ти Зон болон Fortinet компаниуд хамтран сургалт, зөвлөмж, практик дадлага тогтмол зохион байгуулж, оюутнуудыг кибер аюулгүй байдлын мэргэжлээр бодит ур чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэхэд анхаарах юм.
Fortinet нь дэлхийд хамгийн олон кибер аюулгүй байдлын патент эзэмшдэг, олон улсын стандартад нийцсэн шийдлүүдээрээ тэргүүлдэг компани бөгөөд энэ лаборатори нь дэлхийн хэмжээний технологийг Монголын оюутнуудад шууд гардан суралцах боломж олгож байгаагаараа онцлог юм.