БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"PEOPLE AWARDS" наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ

Г.Оюунтуяа
10 цагийн өмнө

Мянга мянган уншигчтай “PEOPLE” сэтгүүл нь үүсгэн байгуулагдсанаас хойш Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг хэдийнэ олжээ. Нийтлэлийн бодлого, фото зураг, агуулгаараа Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдээд PEOPLE сэтгүүл нь 5 000 хувиар хэвлэгдэж, давхардаагүй тоогоор сар бүр 30-40 мянга, жилдээ 500-600 мянган хүн шимтэн уншдаг болоод байна.
“”PEOPLE AWARDS” Ёслол хүндэтгэлийн наадмыг Дэлхийн “PEOPLE” сэтгүүлийн үндсэн зарчмын дагуу онцлох байгууллага, хувь хүний амжилт, бүтээлийг алдаршуулж, олон нийтэд сурталчилан таниулах зорилготойгоор жил бүр зохион байгуулсаар иржээ.
Сэтгүүлийн редакцийн зүгээс “Монголыг өөрчлөгч, нөлөөлөгч, эерэг хандлагыг нийгэмд түгээгч, шударга, хариуцлагатай нийгмийг бүтээгч, өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч” хүмүүсийг “PEOPLE AWARDS” ёслолын хүрээнд нэр төртэйгээр зарлан, тунхагладаг.
Энэ удаагийн “PEOPLE AWARDS” наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Ногоон хөгжлийн төлөө” уриатайгаар зохион байгуулж, хүндэт зочид, онцлох хүмүүстээ 500 модны суулгац бэлэглэсэн юм.
Хүн 18 мод тарихад амьдралынхаа турш амьсгалах агаарыг бэлддэг гэдэг. Ногоон хөгжил, ногоон эх орны төлөө хамтдаа бүтээе.

“Онцлох Монгол бахархал” Нацагийн Жанцанноров

Онцлох “Монгол бахархалт хүмүүн”-ээр Нацагийн Жанцанноровыг зарлаж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хоёр удаагийн шагналт Нацагийн Жанцанноров нь симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл туурвиж, киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг" туурвисан гавьяатай. "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD хэвлүүлсэн. "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Талын харгуй" гэдэг 24 хүүрнэл романч, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиосон энэ цагийн эгэлгүй тансаг уран бүтээлч билээ. Хүмүүний орчлонг хөг аялгуу, гайхам уран бүтээлүүдээрээ хөглөж яваа урлаг уран сайхны ноён оргил түүнтэй нэгэн цаг үед амьдарч буй нь хүмүүн бидний бахархал юм. “Онцлох Монгол бахархал” Нацагийн Жанцанноров.

“Онцлох хүн” Цэрэнгийн Раднаа

People awards наадмын “Онцлох хүн”-ээр Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Цэрэнгийн Раднааг зарлаж байна.
1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, өдгөөг хүртэл дэлхийн дэвжээнээс эх орныхоо нэрийг дуурсгаж байгаа Цэрэнгийн Раднаа 2019 онд 85 настайдаа Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм. Тэрбээр 2024 онд Шведэд болсон Хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, алтан соёмбот далбаагаа зургаантаа мандуулсан гавьяатай. Зөвхөн энэ жилийн хувьд 91 настайдаа АНУ-д болсон Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын тэмцээний 1500 м-ийн зайд дэлхийн дээд амжилт тогтоож, тавдугаар сард Тайваньд болсон Дэлхийн Ахмадын олимпод Таван алтан медалийн эзэн болжээ. People awards наадмын “Онцлох хүн” Цэрэнгийн Раднаа.

“Онцлох байгальд ээлтэй хүн” Дамдины Сэрдарам

“Онцлох Байгальд ээлтэй хүн”-ээр “My Club online community” клубыг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Дамдины Сэрдарамыг зарлаж байна.
Д.Сэрдарам нь оюутан залуус, сурагчдын Экологийн боловсролыг дэмжих, байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээ, хамтын хөдөлмөрийн үр шимийг ойлгуулах, бие хүн болж төлөвшүүлэхэд туслах зорилготой сайн дурын “My Club online community” клубээ 2006 онд байгуулснаас хойш мянга мянган залуусыг мод тарих үйлсэд уриалжээ. Тэрбээр клубийнхээ залуусын хамт жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл бямба гараг болгонд зогсолтгүй мод тарьж, Монгол Улсын 20 гаруй газарт, 2,8 сая мод суулгасан гэгээн үйлстэн юм. Эх дэлхийгээ ногооруулах үйлсийг 19 жилийн турш тасралтгүй түүчээлэн яваа түүний үйлс олон мянган хүүхэд, залууст үлгэр дууриалал болж, өргөжин дэлгэрсээр байна. “Онцлох Байгальд ээлтэй хүн” Дамдины Сэрдарам.

“Онцлох Шүгэл үлээгч” Монгол Улсын гавьяат багш Сэтэвийн Шаарийбуу

“Онцлох Шүгэл үлээгч”-ээр Монгол Улсын гавьяат багш Сэтэвийн Шаарийбууг зарлаж байна. Үрийнхээ төлөө, гадны улсын шүүх, цагдаа, бугшсан системийн эсрэг 19 жилийн турш тэмцсэн Монгол аав, Монгол эр хүний тэмцэл өдгөө Шүгэл үлээгчийн гайхамшигт замнал, хууль эрх зүйн шинэтгэлийн үйл хэрэг болжээ. С.Шаарийбуугийн шударга үнэний төлөөх дуу хоолой Малайз улсын түүхэнд 50 гаруй жил сөрөг хүчин байсан нам ялалт байгуулахад нөлөөлж, 2018 онд Ерөнхий сайдаар томилогдсон Махатир түүнийг хүлээн авч, энэ бол зөвхөн нэг хэргийн талаарх тэмцэл бус Малайзын хууль шүүхийн бугшмал байдлыг илчилсэн тэмцэл болсон хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. С.Шаарийбуу Монгол Улсдаа ч “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль” батлуулахын төлөө гурван парламент дамнуулан хөөцөлдсөөр байна. Өдгөө С.Шаарийбуугийн хөндсөн асуудал, түүхэн замналаар дэлхийн хэвлэл мэдээллийн CNN, Bloomberg сувгууд баримт кино бүтээж байгаа нь түүний тэмцэл, дуу хоолой дэлхийд хүрснийг тод илэрхийлж байна. “Онцлох Шүгэл үлээгч” Монгол Улсын гавьяат багш Сэтэвийн Шаарийбуу.

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ОНЦЛОХ ХҮН" ХЭҮК-ЫН ГИШҮҮН Ж.ХУНАН

"Хүний эрхийн төлөө онцлох хүн" шагналыг ХЭҮК-ын гишүүн Жаргалсайханы Хунанд хүртээлээ.
ХЭҮК-ын гишүүн, хуульч, судлаач Ж.Хунан нь ХЭҮК-ын дарга, Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-ны Орлогч дарга, Ази-Номхон далайн бүсийн Хуульчдын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн Зөвлөх, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь”, “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Ажлын албанд мэргэжилтэн зэрэг албыг хашиж, хууль, хүний эрхийн чиглэлээр 20 жил ажиллаж байгаа туршлагатай. Монгол Улсад төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоог үүсгэн байгуулж бэхжүүлэх, Монгол Улсын хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Гэмт хэргийн гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ашгийг хамгаалах, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн цахим эрх хөтөчийн тогтолцоог байгуулах зэрэг ажилд манлайлан оролцсон, “Хуульчдын про-боно өдөр” арга хэмжээг үүсгэн байгуулсан, Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр, Хүний эрхийн үндэсний индекс боловсруулах, хүүхдийн эрхийг хамгаалах тэр дундаа хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, сургуулийн дотуур байр, хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд болон бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан хөндөж, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгуулахаар ажиллаж байгаа болно.

“Онцлох Эх оронч хүмүүс”

“Онцлох эх оронч хүмүүс”-ээр малчин Очирын Батбаатар, түүний хүү Батбаатарын Наваан-Юндэн нарыг зарлаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах үйлсэд сайн дураараа гар бие оролцож, түймрийн голомтод хоёр хоног ажиллан, байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан О.Батбаатар, Б.Наваан-Юндэн нарын аав, хүү хоёрын эх оронч, эр зоригтой байдлыг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч "Шударга журам" медаль олгосон билээ.
Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч 14 настай Б.Наваан-Юндэн хүү ийнхүү аав О.Батбаатарын хамт өөрсдийн эх оронч үйл хэргийг ард түмэн, эх дэлхийдээ харууллаа. “Онцлох эх оронч хүмүүс”-ээр малчин Очирын Батбаатар, түүний хүү Батбаатарын Наваан-Юндэн нарыг зарлаж байна.

“Онцлох шашны хүн” Асралтын Батцэнгэл

“Онцлох шашны хүн”-ээр Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш Асралтын Батцэнгэлийг зарлаж байна. Тэрбээр “Энэрэнгүй сэтгэл”-ийн талаар нийгэмд ярьж, соён гэгээрүүлэх, амар амгалантай амьдрах, төлөвшихөд өөрийн хувь нэмрээ оруулж буй шашин, нийгмийн онцгой зүтгэлтэн юм. Гэвш А.Батцэнгэл нь АНУ-ын Атланта хотын "Эмори" их сургуулийн эрдэмтэд хамтарч боловсруулсан “Энэрэнгүй сэтгэл”-ийг хөгжүүлэх бясалгалын СВСТ сургалтын хөтөлбөрт хамрагдаж, багшлах эрх аваад монголчууддаа зааж буй нь ихээхэн үр дүнгээ өгсөөр байна. Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын орчуулагч, "Нароба" институтын захирал, "Лэгмон" сангийн тэргүүнээр ажиллаж, өөрийн ухамсарт амьдралаа хүн төрөлхтөний энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх, бясалгал, буддын гүн ухаанд зориулсаар байгаа нь өнөө цагийн монголчуудын амьдралын чанарт үлэмж ихээр нөлөөлж байгааг онцолж байна. “Онцлох шашны хүн” Асралтын Батцэнгэл.

“Онцлох цэрэг, армийн хүн” Энхбаатарын Билэгсайхан

“Онцлох цэрэг, армийн хүн”-ээр Энхбаатарын Билэгсайханыг зарлаж байна. ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг тодотгож харуулсан Э.Билэгсайхан гавьяаг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, ХУРАНДАА цол олгосон билээ.
Тэрбээр ОХУ-ын Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг онц дүнтэй дүүргэж, ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн. Мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн байлдааны буудлагатай хээрийн сургуульд голлох үүргийг гүйцэтгэж ирсэн бэлтгэгдсэн офицер юм. Торгон цэргийн ангид хүндэт харуулын дарга явсан тэрээр өдгөө хүндэт харуулын 032-р ангийг удирдан чиглүүлж байна. “Онцлох цэрэг, армийн хүн” Энхбаатарын Билэгсайхан.

“Барилгын салбарын онцлох хүн” Төрмөнхийн Пүрэвхатан

“Барилгын салбарын Онцлох хүн”-ээр Төрмөнхийн Пүрэвхатанг зарлаж байна. “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал, Монгол Улсын зөвлөх инженер Төрмөнхийн Пүрэвхатан нь 270 гаруй мэргэшсэн болон Монгол Улсын Зөвлөх инженер, архитектур, инженер техникийн ажилтнуудыг амжилттай удирдан, 9 дүүрэг, 21 аймаг 330 суманд улсын төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын санхүүжилтээр хэрэгжиж буй 500 гаруй төсөл, бүтээн байгуулалтад хяналт тавьж, барилгын норм стандартыг мөрдүүлэн ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг ажлын явцыг үнэлэхэд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд 28,9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, төсөвт 5,9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, 3,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлтээр 98,8 хувиар хамгийн өндөр үнэлгээ авч тэргүүлжээ.
Т.Пүрэвхатан захиралтай “Барилгын хөгжлийн төв” нь үйл ажиллагаандаа Олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо’-г амжилттай нэвтрүүлж, барилгын салбартаа анхдагч болсон юм. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори байгуулж, ашиглалтад оруулснаар Монгол Улс импортоор орж ирж буй барилгын материалын чанарт хилээр нэвтрэхээс нь өмнө анх удаа хяналт тавьж ажиллах болсныг мэдэгдэхэд таатай байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд жилд 30 сая тонны хүчин чадалтай “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл”, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил зэрэг томоохон 500 гаруй төсөлд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэн ажиллаж буй 100 жилийн түүхт “Барилгын хөгжлийн төв”-ийн анхны эмэгтэй захирал нь Т.Пүрэвхатан юм. “Барилгын салбарын онцлох хүн” Төрмөнхийн Пүрэвхатан.

“Онцлох залуу” Батбаатарын Баттөр

“Онцлох залуу”-гаар Батбаатарын Баттөрийг зарлаж байна. Ангууч нэрээр залуусын үлгэр дуурайлал болсон Батбаатарын Баттөр нь зөвхөн тулааны спортын тамирчин, жүжигчин, инфлүүсер төдийгүй 2025 онд НҮБ-ын “Хүүхдийн элч”-ээр томилогдсон, нийгмийн сайн үйлстэн юм. Ангууч нь АНУ-ын алдарт Youtuber Ishowspeed болон бусад улс орны инфлүүсерүүдийг айлчилахад Монгол залуусынхаа төлөөлөл болж, нүүр царайг өнгөлсөөр иржээ.
Найман дүү, бяцхан охиноо өсгөж буй Б.Ариунболор охиныг байртай болгох аян өрнүүлж, гурван өрөө байр бэлэглэсэн ачтан Б.Баттөр жил бүр өөрийн төрсөн өдрөөрөө сайн үйлсийн аян өрнүүлж, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгддэг билээ. Тэрбээр “Өнөр бүл” асрамжийн газарт дөрвөн жилийн турш спортоор дамжуулан эцэг, эхийн хайр энэрэлээр дутаж яваа бяцхан хүүхдүүдэд ирээдүйдээ итгэх итгэл, хүч зориг өгч, ажилласаар байна. “Онцлох залуу” Батбаатарын Баттөр.

“Онцлох спортын хүн” Уламбаярын Сүрэнжав

“Онцлох спортын хүн”–ээр Паралимпийн анхны эмэгтэй аварга Уламбаярын Сүрэнжавыг зарлаж байна. У.Сүрэнжав нь Завхан аймгийн Улиастай хотын харьяат “Алдар спорт” хорооны тамирчин, “Парис-2024” паралимпаас пара таеквондогийн төрлийн 62кг-аас алтан медаль хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хөдөлмөрийн баатар” цол тэмдэгээр шагнасан билээ. Түүнчлэн ДАШТ-ээс хүрэл медаль, Азийн аваргаас алт, хүрэл медаль, Европын аваргаас алтан медаль, Ханжоу 2022 наадмаас мөнгөн медаль, Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Олон улсын Гранпри тэмцээнээс 1 алт, 2 медаль хүртсэн, Монголын паралимпын 3 дахь АЛТАН медальтан юм. “Онцлох спортын хүн” Уламбаярын Сүрэнжав.

“Онцлох төрийн алба” Онцгой байдлын Ерөнхий газар

“Онцлох төрийн алба”-аар Онцгой байдлын Ерөнхий газрыг зарлаж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, ослоос ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах хүндтэй бөгөөд хүндхэн үүргийг Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн хүлээдэг билээ. Онцгой байдлын алба хаагч, аврагчид газрын гадарга, газрын гүнд, ууланд, усны мандалд, усны гүнд, агаарт гээд бүхий л орон зайд аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Энэ жил Онцгой байдлын Ерөнхий газар байгуулагдсаны 21 жилийн ой тохиож байгаа төдийгүй нийт 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. “Онцлох төрийн байгууллага” Онцгой байдлын Ерөнхий газар.

“Онцлох шинийг санаачлагч хүн” Цэрмаагийн Бат-Эрдэнэ

“Онцлох шинийг санаачлагч хүн” -ээр Цэрмаагийн Бат-Эрдэнийг зарлаж байна.
Цэрмаагийн Бат Эрдэнэ нь -40 хэмд ямар ч хүлэмжийн хий ялгаруулахгүйгээр халж чаддаг амины орон сууц барих шийдлийг олсноорооо олон улсын барилгын салбарынхан, эрдэмтдэд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ц.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Хайбрид Хаус”-ийн барьсан байшин 100 м.кв дотроо халаалтын ямар ч урсгал зардал гаргахгүйгээр халдагаас гадна нарны илчээр дулаанаа 100 хувь шийдсэн, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, Үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, олон улсын ногоон барилгын шаардлага бүрэн хангасан бүтээл болж чаджээ.
Улаанбаатар хотыг утаагүй болгох “ногоон” амины орон сууцнаас гадна эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг Ц.Бат-Эрдэнэ бүтээсэн. Хайбрид халаагуур нь олон айлын янданг буулган, аюулгүй, баталгаатай халааж буйг онцлох нь зүйтэй. Өдгөө Ц.Бат-Эрдэнийн бүтээсэн халаагуур 9000 орчим айлыг халааж, “ногоон”, эко амины орон сууцанд нь 300 орчим айл эдийн засгийн хэмнэлтэй, байгальд ээлтэй амьдарч байна. Улаанбаатарыг утаагүй болгох, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилга, халаалтыг алхам тутамдаа санаачилан боловсруулж, дэлхийд үнэлэгдэх шийдлийг олсоор яваа Ц.Бат-Эрдэнийг “Онцлох шинийг санаачлагч хүн”-ээр зарлаж байна.

“Онцлох шүдний эмч” Эрдэнэбатын Болор

“Онцлох шүдний эмч”-ээр Эрдэнэбатын Болорыг зарлаж байна. Эрүүл мэндийн салбарт 12 жил тасралтгүй шүдний эмчээр ажиллаж, иргэдийн эрүүл мэнд, гоо сайханд хувь нэмрээ оруулж яваа Э.Болор нь Монголдоо Холливуд смайл буюу шүдний пааланг орчин үеийн дэвшилтэд технолгийг ашиглан өөрийн мэт хийж буйгаараа олны таашаалыг хүртээд байгаа юм. Байгаль орчинд аюулгүй эмчилгээний орчинг бүрдүүлэн, Нүүр амны эмчилгээ, үйлчилгээ, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлдэг “Энгүүн Дентал” эмнэлгийг үүсгэн байгуулагч Э.Болор сайн үйлсийн аян, сайн дурын ажлаараа ч манлайлж ирсэн. Тэрбээр жил бүр 200-300 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, эрүүл мэндийн салбартаа нийгмийн хариуцлага хэрэгжүүлсээр байна. Шүдний эмч Э.Болор нь 2019-2022 Эрүүл мэндийн яамны жуух бичиг, 2024 онд эрүүл мэндийн тэргүүний ажилтан зэрэг гаввяа шагнал хүртжээ. “Онцлох шүдний эмч” Эрдэнэбатын Болор.

“Онцлох тренд багш” Энхжаргалын АРИУНЗАЯА

“Онцлох тренд багш”-аар Энхжаргалын Ариунзаяаг онцолж байна. Олон улсын сэтгүүлч, Англи хэлний багш Э.Ариунзаяа нь орчин цагийн хүүхэд, залуус, хүмүүсийн сонирхолд нийцсэн сургалттай, хамгийн ур чадвартай, хэлний өндөр төвшний мэргэжилтэн юм. Эх орондоо Англи хэлийг төгс эзэмшиж, өөрийн авьяас чадварыг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан тэрбээр Англи хэл сурахад сэтгэл зүй чухлыг онцолж, Англи хэлийг Монгол хэлтэйгээ зэрэгцүүлэн заах арга барилаар ажиллаж байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа сүүлийн гурван жилийн турш Онлайн сургалтыг тасралтгүй зохион байгуулж, одоогоор Э.Ариунзаяа багшийн сургалтанд дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй суралцагч хамрагдаад байна. Хүүхэд, залуус болон насанд хүрэгчдэд зориулсан Англи хэл сурах зөвлөгөө, зөвлөмжийг сошиалаар дамжуулан тасралтгүй хүргэсээр ирсэн Э.Ариунзаяа Монголын анхны Англи хэл дээрх энтертэйнмент Ток Шоуны санаачлагч, хөтлөгч, 2013 оноос хойш нийт 56 дугаарыг үзэгчдэдээ хүргэжээ. “Онцлох тренд багш” Энхжаргалын АРИУНЗАЯА

“Онцлох контент бүтээгч” Г.Наранбаатар, А.Ганчимэг

“Онцлох контент бүтээгч”-ээр Г.Наранбаатар, А.Ганчимэг нарыг зарлаж байна. Сэтгэл зүйч Г.Наранбаатар, МУСТА, Жүжигчин А.Ганчимэг нар хамтран “CITTA MONGOLIA”-г үүсгэн байгуулж, нийгэмд тулгарч буй соёлын асуудал, харилцаа хандлагыг сайжруулах, эерэгээр сэдэлжүүлэх зорилгоор контент бүтээж эхэлсэн. 2024 оноос богино рийлүүдийг хийж, сошиал хэрэглэгчдийн сэтгэлзүй, соёл, хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ сайн дураар оруулсаар ирсэн тэд нийт 40 орчим бичлэг бүтээсэн нь давхардсан тоогоор 60 орчим сая үзэлт, хандалт авчээ. Энэхүү соёл дэлгэрүүлэх контент нь бидний нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байсан нь иргэдийн хүлээн авалт болон сэтгэгдэлүүдээс харагдсаар байна. “Онцлох контент бүтээгч” Г.Наранбаатар, А.Ганчимэг

“Онцлох загварын хүн ” Ганболдын Ундрам

“Онцлох загварын хүн”-ээр Монголоо брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Ганболдын Ундрамыг зарлаж байна. Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, гоо зүйг бий болгосон дизайнер Г.Ундрам Миланы загварын шоунд оролцож, "Шилдэг коллекци" шагнал хүртсэн амжилттай эх орондоо ирсэн билээ.
Г.Ундрам нь хувцас дизайнер мэргэжлээр Сити их сургуулийг 2012 онд төгссөн, 34 настай, 4 хүүхдийн залуухан ээж юм. Тэрбээр Монгол өв соёлыг дэлгэрүүлэн түгээх зорилготойгоор 2017 онд ”Монголоо” брэндийг үүсгэн байгуулж, өдгөө хувцас загварын салбарт амжилттай ажилласаар байна.
“Монголоо” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Г.Ундрам “Монгол Чанар” 1-р байр, Монгол туургатны олон улсын тэмцээний 1-р байр, Өвөр Монголын Олон улсын тэмцээний 1-р байр, Итали улс, Миланы Олон улсын загварын арга хэмжээнд 1-р байр тус тус эзэлж, мэргэжлийнхээ ур чадварыг гайхуулж байна. “Онцлох загварын хүн ” Ганболдын Ундрам.

“Гоо сайхны салбарын Онцлох онлайн бизнес эрхлэгч” Б.Амарбаясгалан

“Гоо сайхны салбарын Онцлох онлайн бизнес эрхлэгч”-ээр “Easy beauty Mongolia” ХХК-ийн захирал Б.Амарбаясгаланг зарлаж байна.
Гоо сайхны сайхны ертөнцөд хүч түрэн орж ирсэн шинэлэг, чанарлаг гоо сайхан, арьс арчилгаа, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээрээ бүсгүйчүүдийн дунд алдаршаад буй “Easy beauty Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарбаясгалан салбартаа хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон нэгэн юм. Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг жишгээр монголчуудаа БНСУ-ын алдарт бүтээгдэхүүнүүдтэй холбодог Б.Амарбаясгалан нь үйлчлүүлэгч бүсгүйчүүдийн итгэлтэй харилцагчаар тодорсон. Асар богинохон хугацаанд салбартаа үнэлэгдсэн бизнес эрхлэгч Б.Амарбаясгалангийн “Easy beauty Mongolia” ХХК-ийн гоо сайхны онлайн худалдаа Улаанбаатар хотод 7 салбар, хөдөө орон нутагт 26 салбартайгаар улам өргөжин тэлж, Монголын хамгийн олон үйлчлүүлэгчтэй Гоо сайхны салбарын бизнес эрхлэгч болоод байна. “Гоо сайхны салбарын Онцлох онлайн бизнес эрхлэгч” Б.Амарбаясгалан.

“Гоо сайхан, эрүүл мэндийн салбарын Онцлох хүн” Хатанбаатарын Алтанзул

“Гоо сайхан, эрүүл мэндийн салбарын Онцлох хүн”-ээр Арьс, гоо заслын эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Хатанбаатарын Алтанзулыг зарлаж байна.
Х.Алтанзул нь Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 28 жил ажилласан туршлагатай, арьсны эмгэг, гоо засал, харшил зэрэг асуудлуудыг цогцоор нь онoшилж эмчилгээ, зөвөлгөө өгч эрүүл мэндийн салбарт сэтгэл оюунаа зориулан яваа шилдэг эмч нарын нэг билээ. Тэрбээр 2010-2020 онд АНУ, БНСУ, ОХУ, Малайз зэрэг улсуудад тасралтгүй мэргэжил дээшлүүлэн суралцаж, Монгол Улсын Арьс, гоо заслын Тэргүүлэх зэрэглэлийн эмч болсон юм. 2019 оноос Арьс судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, ISDS2 олон улсын арьсны мэс засалчдын нийгэмлэгийн гишүүн, ЭМЯ-ны Арьс, гоо заслын салбар зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахын зэрэгцээ өөрийн “Сорбус” Арьс, гоо заслын эмнэлгийг үүсгэн байгуулж, салбартаа нэр төрөө бахархалтайгаар тамгалсаар явна. Арьс, гоо заслын салбартаа мэдлэг, чадвар, мэргэжил дээшлүүлснээрээ манлайлж, “Оддын эмч” хэмээн үнэлэгддэг болсон Х.Алтанзулыг “Гоо сайхан, эрүүл мэндийн салбарын Онцлох хүн”-ээр зарлаж байна.

“Онцлох онлайн бизнес эрхлэгч ” Н.Балжмаа

“Онцлох онлайн бизнес эрхлэгч”-ээр На.Балжмаа пейжийн үүсгэн байгуулагч Н.Балжмааг тодруулж байна. Н.Балжмаа нь сүүлийн 10 гаран жил онлайн бизнес эрхэлж, өдгөө 371 мянган дагагчтай пейж, 275 мянган дагагчтай фейсбүүк группийг үүсгэн байгуулсан амжилттай яваа. Түүнчлэн “Надтай хамт бизнесээ өргөтгө” сошиал маркетинг брэндингийг үүсгэн байгуулж, хүмүүнлэгийн сайн үйлсийн аян өрнүүлсээр байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллагч байгууллагуудтай хамтран тогтмол бэлэгтэй постоор нийт 400 орчим сая төгрөгийн бэлэн мөнгө болон бэлгийг бусдад бэлэглэжээ. Тэрбээр давхардсан тоогоор 15 000 суралцагчдад онлайн бизнесийн сургалт зохион байгуулж, 3000 гаруй эмэгтэйчүүд, ээж нарыг бизнесийн гараагаа эхлэн, ажлын байртай болоход хувь нэмрээ оруулсан юм. “Онцлох онлайн бизнес эрхлэгч” Н.Балжмаа.

“Онцлох байгаль орчин, аялал жуулчлалын бааз” SEVEN NUGA

“Онцлох байгаль орчин, аялал жуулчлалын бааз”-аар “Соргог ланд” компанийн SEVEN NUGA амралт, аялал жуучлалын баазыг зарлаж байна.
Тус амралтын газар нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байрлалтай, байгалийн үзэсгэлэнг тав тухтай тохилог орчинтой хослуулснаараа дотоодын болон гадаадын аялагч нарыг зорин зочлох тэмүүллээр дүүргэсээр байна.
“Сэвэн нуга” нь Монголын 4 дэх том энергийн төв дээр байрлан жилийн дөрвөн улирал тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй дээд зэрэглэлийн амралт, аялал зуучлалын бааз юм. Өдгөө 100-аад хүнийг ажлын байраар хангадаг, ажилчдынх нь 90 хувь гадаад хэлтэй. Мөн найдвартай татвар төлөгч, Монголын урдаа барих аялал жуучлалын баазуудын нэг юм. “Онцлох байгаль орчин, аялал жуулчлалын бааз” SEVEN NUGA

“Онцлох эрүүл мэндийн байгууллага” ГРАНДМЕД

“Онцлох Эрүүл мэндийн байгууллага”-аар “Грандмед” эмнэлгийг зарлаж байна. “Грандмед” эмнэлгийн Эмнэлзүйн лабораторийн тасаг Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавигдах MNS ISO 15189: 2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ гардан авлаа. Мөн “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны 30 жилийн ойн хүрээнд “Эрсдэлийн менежмент” эвент арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Эрүүл мэндийн контент бүтээгчдийн дунд анх удаа баримтат цуврал “Doctor GRANDMED” киноны нээлтээ амжилттай хийж, МУГЖ Г.Эрдэнэбилэгийн мэс засал, эмчилгээний тухай бодит түүхийг олны хүртээл болгосон байна. “Грандмед” эмнэлгийн Яс, үений мэс заслын тасаг шагай, үений холбоосыг сэргээх дурангийн мэс засал хийсэн амжилттай. “Онцлох эрүүл мэндийн байгууллага” ГРАНДМЕД

“Боловсролын салбарын онцлох байгууллага” СИТИ ИХ СУРГУУЛЬ

“Боловсролын салбарын онцлох байгууллага”-аар Сити их сургууль зарлагдаж байна. Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтооход СИТИ их сургууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 61 их, дээд сургуулиас 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Мөн Европ холбооны дээд боловсролын Эрасмус хөтөлбөрийн “Digital Move” төслийн анхдугаар уулзалт Монгол Улсад СИТИ их сургууль дээр болж, энэхүү төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Уг төсөл нь Европын Холбооны ERASMUS MUNDUS MOBILITY ASIA /EMMA/ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй дөрөв дэх төсөл бөгөөд их, дээд сургуулиудад шинэлэг сургалтын арга барил нэвтрүүлэх, бизнесийн салбар, төлөөлөлтэй идэвхтэй хамтран ажиллах замаар цахим шилжилтийг хийх, хэрэгжүүлэх зорилготой юм. Гадны олон орны оюутнууд Сити их сургуульд суралцдаг нь олон улсын стандартад нийцсэн сургалттай сургууль болохыг баталдаг төдийгүй оюутан солилцоогоор Солонгос, Хятад, Герман зэрэг улс орнуудтай хамтран ажилласаар иржээ.

“Онцлох бүтээн байгуулалт” УЛААНБААТАР ПРОПЕРТИЕС

“Онцлох бүтээн байгуулалт”-аар “Улаанбаатар Пропертиэс” компанийн төслийг зарлаж байна. Тус компани нь Санхүүгийн зохицуулах газраас ISO9001: 2010 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлсэн анхны компани юм. Тэд бүтээн байгуулалтын өнгийг тодорхойлж, тав тух, тансаг мэдрэмжийг бий болгон гурван үеийнхний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан баталгаатай үл хөдлөх хөрөнгийг бий болгосоор ирлээ. “Улаанбаатар Пропертиэс” нь “Х Apartment”, “Sky apartment”, “Гранд Вилла”, “MN Tower” гэх мэт арав гаруй тансаг орон сууц, оффисын олон арван төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. “Онцлох барилгын салбарын байгууллага” УЛААНБААТАР ПРОПЕРТИЕС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 1 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана 1 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо 2 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: 2026 онд татвар, НДШ-тэй холбоотой сайн мэдээ монголчуудад хүрэхээргүй болж байна 2 цагийн өмнө
Н.Мөнхнасан: Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэхгүй л бол эдийн засгийн дархлаагаа алдаж байна 3 цагийн өмнө
Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цагийн өмнө
Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 4 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 4 цагийн өмнө
YOUNG MO’G: Эхнэртээ зориулж дууны маань клипэнд Мичи тоглосон 5 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 6 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн ТУТ-ын багийн хурлыг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өргөтгөн хийлээ 6 цагийн өмнө
Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 7 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр 18 цагт хаагдана 8 цагийн өмнө
Цаг үеийн асуудлаар ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтарсан мэдээлэл хийлээ 8 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа 8 цагийн өмнө