Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрлэнэ: Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.
Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Өнөөдөр Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна.
Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно.
Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана.
Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно.