Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 743 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 397 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 346 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Төв аймгийн Цагдаагийн газар, Соёл, урлагийн газрын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн иргэд нь тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, холбогдох хариуг хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” зэрэг байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг тус тус зөрчсөн тул хуулийн хэрэгжилт хангуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 3 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийн татвар ногдуулах 1.7 тэрбум төгрөгийн орлогоо үнэн зөв тайлагнаагүй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн тэдгээрийг татвар ногдуулах орлого, төлбөл зохих татвараа үнэн зөв тайлагнасан эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийлгүүлэхээр Татварын ерөнхий газарт шилжүүлж хяналт шалгалтыг хэрэгжүүлснээр илэрсэн татварын зөрчилд нийт 198.1 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги зэрэг төлбөр ногдуулсан байна.