БНСУ-д ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, улс орны эдийн засгийг сэргээж, ард түмнийг нэгтгэх амлалт өгч байна.
Онц байдал зарласны улмаас албан тушаалаасаа буусан Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг зургаадугаар сарын 3-нд сонгох бөгөөд Ардчилсан намаас /АН/ нэр дэвшигч Ли Жэ Мён санал асуулгын дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Харин “Ардын хүч” намаас /АХН/ Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Сү нэр дэвшжээ.
Ли Жэ Мён эдийн засаг, ард түмний амьжиргааг сайжруулах амлалтаараа сонгогчдыг татахыг хичээж байгаа бол Ким Мүн Сү консерватив үзэлтэй сонгогчдыг нэгтгэхийг эрмэлзэх төлөвтэй байна. Энэ удаагийн сонгуулийг АН-ын Ли Жэ Мён, АХН-ын Ким Мүн Сү, Шинэ шинэчлэлийн намын Ли Жүн Сок нарын өрсөлдөөн болно гэж шинжээчид дүгнэж байна. Харвардын их сургуулийг төгссөн Ли Жүн Сок АХН-ын даргаар ажиллаж байв.