ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Төгрөг нуурын орд дээр санхүүгийн болон хуулийн шинжилгээ хийсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгөхдөө "Төгрөг нуурын орд минийх байвал 100 хувь төрд аваарай" гэж хэлсэн байна. Хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Би нотолж байна.
Нэгдүгээрт, хөдлөшгүй нотлох баримт бий.
Хоёрдугаарт, албан ёсны эх сурвалжууд бий.
Гуравдугаарт, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна.
Баримт өөрөө ярьдаг гэж үг бий. 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг хүн 10 хувийг нь эзэмшиж байсан "Камекс" гэдэг компани "Төгрөг нуур энержи" компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт бий. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нартаа хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнуулсан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.долларыг зарсныг Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн 507 нүүр баримт бүхий мэдээлэл бий.
Энэ бүх баримт нотолгоонд үндэслэн Төгрөг нуурын дөрвөн лицензийг эзэмшигч "Төгрөг нуур энержи" компанийн хувьцааг эзэмшигч "Камекс" ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, залилсан, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр АТГ, Улсын ерөнхий прокурорт ЗГХЭГ-ын хувиар хандаж байна.
Үүнтэй холбогдуулан Хонконг зэрэг бусад улс орны хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай баримт материал гаргуулан авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгаж байна. Мөн Төгрөг нуурын ордыг стратегийн ордод хамааруулж баялгийн санд авахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа" гэв.