БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно

Admin
2 цагийн өмнө

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ

        (1942-2025)

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүү Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын 8 болон 14 дүгээр дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр  төгсөж, 1975 онд техникийн ухааны дэд эрдэмтэн, 1999 онд эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
П.Очирбат 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашиж байв.
Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 21-нээс есдүгээр сар хүртэл БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1990 оны есдүгээр сарын 3-наас 1992 оны хоёрдугаар сар хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос  Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны зургадугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
П.Очирбат 1999-2001 онд Техникийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Экологи-тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессор, 2004-2016 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 2010 оноос Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессороор тус тус ажиллаж байв.
Тэрбээр Монгол Улсын ШУА-ын гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Техникийн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Данкукийн их сургууль, Оросын Холбооны Улсын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Везляены их сургуулийн Хүндэт хуульч, Казахстан Улсын Л.Н.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний их сургуулийн Хүндэт профессор, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн юм.
 Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент”  дөрвөн боть тэргүүтэй геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улс төрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.
П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
П.Очирбатын эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж 1972 онд Алтан гадас одон, 2005 онд Монгол Улсын төрийн дээд шагнал "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” долоон боть хамтын бүтээлд  нь Монгол Улсын Төрийн шагнал тус тус хүртээсэн юм.
Тэрбээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар”  I, II, III зэргийн  одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавьяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар”  одон болон бусад шагналыг хүртжээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай  дүр төрх, зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч  үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Монгол Улсыг хөгжүүлэхэд оруулсан Таны хувь нэмэр, үйл хэргийг монголчууд бид үеийн үед хүндэтгэн дурсах болно.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Г.БАЯСГАЛАН, Н.УЧРАЛ, Б.САНЖСҮРЭН,
Г.ӨНӨРБАЯР, Ж.ГОМБОЖАВ


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Шинэ мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 5 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна 6 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо 20 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 21 цагийн өмнө
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ Өчигдөр
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина Өчигдөр
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН НОГООН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Өчигдөр
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна Өчигдөр
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа Өчигдөр
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс Өчигдөр
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ Өчигдөр
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно Өчигдөр
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно 2026/08/18