Э.Батшугар: Зээлийн мэдээллийн санд дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй

Б.Намуунзаяа
2024/04/19

УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн сангийн хуулийг шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Монголбанкнаас хар жагсаалтад орсон зээлдэгч нарыг өршөөсөн тогтоол гаргасан. Учир нь хэрэглээний зээл бол амьдралд  тохиолддог зүйл. Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлээ төлөхгүй байгаа, зориулалтын бусаар ашигласан зээлдэгчийг хэрэглээний зээл авсан иргэдтэй адил өршөөл үзүүлэх нь буруу. Иргэдийн санхүүгийн эрх чөлөөг боомилсон энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна.

Манай улсын Зээлийн мэдээллийн сангийн хууль 2011 онд батлагдаж,  13 жилийн хугацаанд банк санхүүгийн салбар хэд дахин тэлсэн. Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоонд алдаа доголдол, шударга бус зүйл байна. Жижиг зээл авсан  зээлдэгчдийг том системд эрсдэл авчрах зээлдэгчтэй адилхан санхүүгийн зургаан жилийн ял үүрүүлдэг.

Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуулиудад суралцахаар хоёр сая төгрөгийн зээл авсан оюутнууд цар тахлаас болоод ажлын байр олдохгүй зээлээ төлж чадаагүй тохиолдолд  зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулдаг.  Харин хэдэн мянган долларын зээл авч, гадаадад суралцсан зээлдэгчдийг зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад  оруулахгүй байгаа нь шударга бус байна. Тиймээс зээлийн мэдээллийн сангийн аргачлал, тогтолцоог өөрчлөх цаг нь ирсэн. Дэлхийн санхүүгийн зах зээлийн зөв аргачлалыг нутагшуулах хэрэгтэй байна.

Мөн зээлээ хугацаанд  төлж  байгаа хариуцлагатай иргэд, аж, ахуй нэгжүүдийн зээлийн  хүүг бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг уян хатан болгох урамшууллын тогтолцоо шаардлагатай байна. Санхүүгийн хариуцлагатай иргэдийг  Монгол Улсад бий болгохын тулд  зээлийн мэдээллийн сангийн үнэлгээ онооны систем буюу кредит скоринг, эрсдлийн үнэлгээний систем рүү шилжих нь чухал.

Эцсийн үр дүнд эдийн засаг, санхүүгийн хүртээмжийг нэмэгдэх юм.

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох,  иргэдэд ээлтэй,  хариуцлагатай зээлдэгчдийг  төлөвшүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг  дээшлүүлэх асуудлаар  УИХ-ын гишүүн Э.Батшугар   хэд хэдэн удаа бодлогын асуудал дэвшүүлж, Монголбанкинд ажилласан. Үүний дараа Монголбанкнаас  2024.1.1-ний өдрийн байдлаар  анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлийн ангилалтай боловч зээл нь бүрэн төлөгдөж дууссан  зээлдэгчийн зээлийн мэдээллийн сангийн  мэдээллийг Монголбанкны   зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх шийдвэр гаргасан.

 УИХ-ын гишүүн Э.Батшугар Боловсролын мэдээллийн сантай холбоотой  мэдээллийг хөндөж байна. Дотоодын их, дээд сургуульд зээл авч суралцсан оюутнуудын зээлийг боловсролын  зээлийн сангаас Зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг. Энэ хүрээнд  2018-2023 онд 24.573 оюутны  зээлийн мэдээллийг дотоодын  зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн. 

Гадаадад боловсролын  зээлийн сангаар суралцсан зээлийг  боловсролын зээлийн сан нийлүүлээгүй. Ер нь  гадаад, дотоод гэж ялгалгүй төрийн болон тусгай сангуудаас зээл авч байгаа зээлдэгчдийн мэдээллийн  материаллыг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх нь ёс зүйтэй, шударга  юм.

Мөн Зээлийн мэдээллийн сан иргэдэд ээлтэй,  хариуцлагатай зээлдэгчдийг төлөвшүүлэх чиглэлээр зээлдэгчдийн   онооны системийг оруулах хэрэгтэй гэдгийг

онцоллоо.  Энэ тал дээр Монголбанк  зээлдэгчийн  оноо нь бодогддог,  зээлийн  хүү, эрсдэл  нь тодорхойлогддог  системийг төлөвшүүлэх дээр цаашдаа анхаарч ажиллана.

Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоёр компани байгаа. Энэ хоёр компанийн   бизнес үйл ажиллагааны төлөвлөгөөнд  зээлдэгчдийн  оноог бодох систем нэвтрүүлж, үйл ажиллагааг тэлээд явна.  УИХ-ын гишүүн Э.Батшугарын хэлж байгаа бодлогын саналуудыг   Монголбанкны зүгээс дэмжиж байгаа.

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна