Хансүр гавж Н.Нанзаддоржийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгохыг дэмжжээ

info@focus.mn
2024/01/17

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн "Жавзандамба хутагт" төвийн багш, Хансүр гавж Н.Нанзаддоржийн сонсголд оролцсон Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хаалттай хуралдаж, түүнийг санал нэгтэйгээр дэмжжээ.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы өнөөдрийн(2024.01.17) хуралдаанаар хэлэлцэж, түүнийг томилох эсэхийг эцэслэн шийднэ.

Нэр дэвшигч Ноовойн Нанзаддорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 

  • 1981-1990 онд нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар дунд сургууль
  • 1991-1995 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд шавилан суусан
  • 1995-2000 онд БНЭУ-ын Goman Monastery University (Datsan)-ийн парчин дамжаа
  • 2000-2002 онд тус сургуулийн зод дамжааг
  • 2002-2004 онд умын дамжааг тус тус дүүргэж төгссөн, 2008 онд буддын гүн ухааны гавжийн дамжаа барьсан.
  • 2005–2008 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Захиргааны тэргүүлэгч
  • 2008-2016 онд тус хийдийн дэд хамба
  • 2005 оноос хойш Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд багшилж байгаа юм байна.

Өмнө нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан тэргүүн хамба Д.Жавзандоржийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан аж.

Төв телевизийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй бөгөөд үүнээс долоог нь УИХ-аас, дөрвөн гишүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын Газар (ЕТГ)-аас, үлдсэн дөрвийг нь Ерөнхий сайдаас нэр дэвшүүлдэг. Н.Нанзаддоржийг ЕТГ-аас нэр дэвшүүлсэн юм.

ОНРТ-ийн хуульд ямар хүмүүс Үндэсний зөвлөлд нэр дэвшихийг тодорхой заасан байдаг бөгөөд энэ дагуу хүмүүсийг сонгодог. Гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. 

Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно гэж заажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна