МСҮТ-ийг төгсөгчид дээд боловсрол эзэмших боломжтой болно


Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр (2022.08.30) Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "МСҮТ, политехникийн коллежийн төгсөгчид дээд боловсролын сургалтын байгууллагад кредит тооцуулж, шатлан суралцах боломжоор хангана. МСҮТ-д 2.5 жил сурдаг байсан бол гурван жил болгож байгаа. 2.5 жил суралцаад төгсөхөөр насанд хүрээгүй гээд 1-1.5 жил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. Үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мэргэжлийн багш нарын ур чадвар, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал сайжирна гэж ойлгож болно.

Манай улсад 77 МСҮТ бий. МСҮТ бүр дээр 50-70 хүүхдийн хийдэл байгаагаас 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. МСҮТ-д нийт 4,700 хүүхдийн регистрийн дугаарын давхардал байгаа. Тухайн салбарыг хариуцаж байсан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцно" гэлээ. 

Энэхүү хуулийн төсөл  8 бүлэг, 33 зүйлтэй байхаар боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц өөрчлөлт гарч, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ гэж үзжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна