БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Занданшатар: Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Өчигдөр ХЗДХ-ийн сайд улстөрд өргөөд буй үйл явдалд тайлбар мэдэгдэл хийсэн билээ. Түүний хариуд Ерөнхий сайл асан Г.Занданшатар хариу мэдэгдэл гаргажээ. Тэрээр, 

"МЭДЭГДЭЛ

Монголын шигшээ баг амжилттай оролцож байгаа Дэлхийн шатрын пара олимпиад 6 дахь хоногтоо үргэлжилж, Дэлхийн шатрын олимпиад өчигдөр нээлтээ хийсэн Самарканд хотоос мэндчилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төр, улс төрчдөөс аль болох зай барьж, оюуны спортыг хөгжүүлэх, шатраар дамжуулан эх орноо дэлхийд сурталчлах, хөрөнгө оруулалт татах үйл хэрэгт нөхдийн хамт хүчин зүтгэж явна.

Гэтэл ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ.

Үүнд үнэн юм нэг ч алга.

Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна.

Нэгдүгээрт.

С.Амарсайхан намайг нүүрсний болон боржин чулууны ордыг хууль бусаар хувьдаа завшихыг санаархсан мэтээр мэдэгдсэн байна.

Гэвч үнэн хэрэгтээ би Ерөнхий сайд байхдаа 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум дахь Нүүрстэйн амны нүүрсний уурхай, мөн Төв аймгийн Лүн сумын нутаг дахь Авдар уулын боржин чулуу боловсруулах улсын үйлдвэрийн үйл ажиллагааг хувьдаа авах сэдлээр зогсоосон байж болзошгүй гэж үзэн, сэргээх боломжийг судлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяанд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байсан.

Энэ талаар тухайн өдөр Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээ нийтлэгдсэн бөгөөд өнөөдөр ч олон нийтэд нээлттэй байна.

Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27454

Ашиглагдахгүй алдагдсан ордыг буцаан авч, улсын өмчит үйлдвэр байгуулах боломжийг судлах үүрэг өгснийг хууль бус үйлдэл, эсвэл хувьдаа завших оролдлого гэж үзэх үү гэдгийг та бүхэн дэнсэлнэ биз ээ.

Хоёрдугаарт.

С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ.

Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Харин Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна.

Өөрөөр хэлбэл, түүнийг сайдын албан тушаалд очих үед би аль хэдийн төрийн алба хашихаа больж, энгийн иргэн болсон байсан.

Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй.

Ийм тодорхой баримтыг ч үл харгалзан олон нийтийн өмнө худал мэдээлэл тарааж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан бүх зүйлээ хууль дээр очиж баримтаар нотол.

Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя.

Иргэн миний адил хуулийн өмнө тэгш байж, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахыг шаардаж байна.

Харин өөрт тавигдсан асуултаас миний нэрээр бүү булт.

Гуравдугаарт.

Манай Засгийн газар 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлж, хар тамхитай дайн зарлах үүрэг өгч байсан.

Одоо байдал харин ямар байна?

Энэ талаар мөн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр мэдээлэл нийтлэгдсэн.

Холбоос: https://mongolia.gov.mn/news/view/27323

Миний байр суурь:

Би баялгийн мафитай тууштай тэмцэж ирсэн.

Үүний улмаас улс төрийн хүчтэй шахалт, эсэргүүцэлтэй тулгарч, эцэст нь улс төрийн шийдвэрийн үр дүнд албан тушаалаа өгсөн.

Хууль зүйн сайд хүн хууль сахиулах салбартаа мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлж, улс төрийн явцуу ашиг сонирхлоос салбараа хамгаалах үүрэгтэй.

Ялангуяа хууль сахиулах байгууллагыг улс төрийн өрсөлдөөн, хувийн тооцоо, улс төрийн явцуу ашиг сонирхлын хэрэгсэл болгон ашиглаж болохгүй.

Өнөөдөр өөрийн удирдаж буй салбар руугаа ноцож, хууль дээдлэн ажиллаж буй мянга мянган хууль сахиулагчдын итгэл зүтгэлийг үгүйсгэж буй нь дэндүү увайгүй үйлдэл юм.

Намын нөхөр, журмын анд хэмээн итгэж, танхимынхаа сайдаар томилон хамтран ажиллаж байсан хүн өнөөдөр ийнхүү над руу гүжир гүтгэлэг чиглүүлж байгаад бүр ч их харамсаж байна.

Би С.Амарсайханыг хотын дарга болох үеэс нь эхлэн дэмжиж, улмаар Ерөнхий сайдын хувиар Шадар сайдаар томилж байсан нь бодит үнэн.

Гэтэл тэрээр танхимынхаа эсрэг байр суурь баримталж, Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж, санал өгч, манай Засгийн газарт хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Харин үүнд өс хонзон санаж, ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь арга мухардсан хүний үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна.

Өнөөдөр үнийн өсөлт, шатахуун гээд иргэдийн амьдрал хүнд, эдийн засагт сорилт их байна.

Ийм үед төрийн бодлого хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгаа хамгаалах, авлига, хулгайтай тэмцэх, хөгжлийн асуудалд төвлөрөх ёстой болохоос албан тушаал, эрх мэдлийн маргаанд автах ёсгүй.

Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй.

Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов 34 минутын өмнө
Г.Занданшатар: Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй 1 цагийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2 цагийн өмнө
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авлаа 20 цагийн өмнө
С.Бямбацогт: Бид иргэдээ сонсоод өнгөрөх биш, ирүүлсэн санал, гомдол бүрийг шийдэж, бодитоор анхаарч ажиллах шаардлагатай 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа 23 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 8 сарын үзүүлэлт танилцуулна Өчигдөр
Н.УЧРАЛ: ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭХ, ОРОН СУУЦЖУУЛАХ ЗЭРЭГ ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө Өчигдөр
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлэн таслан зогсоох ёстой Өчигдөр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Увс аймгийн "Булгийн эх" хилийн заставт ажиллалаа Өчигдөр
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 2026/09/14
АРЬС ШИРИЙГ ДУНДЫН ЗУУЧЛАГЧГҮЙГЭЭР ҮЙЛДВЭРҮҮДЭД НИЙЛҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 2026/09/14
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 77 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ 2026/09/14
Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ 2026/09/14
Парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс, хамтын ажиллагааг бэхжүүлсэн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө 2026/09/11