БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

Г.Оюунтуяа
54 минутын өмнө

102 орны нүүдэлчин, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл болох 240 орчим зочин, манай улсын 100 малчин “Дэлхийн малчдын чуулган”-аа Блью скай” зочид буудалд хийж байна.

Төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаа хэлэлцэн, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих тунхаглалын төслийг хэлэлцэн батлах юм.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, чуулганд оролцогсдод талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр, Монгол Улс бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн мэдлэг, туршлагаа солилцох, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх зэргээр дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байгааг хэллээ.

Мөн мал аж ахуйн салбарт залуу үе, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, санхүүгийн үйлчилгээ, зах зээлийн хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйг мэдлэг, инновац, технологид суурилсан өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх нь хамтын зорилт байх учиртайг тэмдэглэлээ.

Чуулганаас гарах санал, санаачилгыг олон улс хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс “Дэлхийн малчдын чуулган”, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас гарах тунхаглал, шийдвэр, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө бүх улс, түнштэй хамтран ажиллана гэдгийг хэллээ.

Байгаль дэлхийгээ хамгаалах, газрын нөхөн сэргээлт, ойн санг нэмэгдүүлэх, хөрс, ус, бэлчээрийн хамгаалал, хүнсний хангамж, аюулгүй байдал, малчдын амьжиргаа, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Эдгээрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа улс орнууд, НҮБ, түүний системийн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагад талархал илэрхийллээ.

“Дэлхийн малчдын чуулган”-аас Нэгтгэсэн үр дүнгийн баримт бичиг, Эмэгтэй болон залуу малчдын тунхаг бичиг, Хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх тунхаг, Бэлчээрийн менежментийн талаарх бодлогын зөвлөмжүүд, Хамтын ажиллагааны механизм ба сүлжээ, Дэлхийн түвшний танилцуулга ба сурталчилгаа зэргийг батална. Мөн хоёр тунхаг бичгийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд танилцуулна.

“Дэлхийн малчдын чуулган”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Өдгөө дэлхийд 200 гаруй сая хүн бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрд бэлчээр, тал хээр нутаг уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтолд өртөж, ган, зуд, үер, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гамшгийн давтамж эрчимтэй нэмэгдэж байна.

Мөн мал аж ахуй эрхлэгчид газар эзэмших эрх болон газар ашиглалтад гарч буй өөрчлөлт, зах зээлээс алслагдмал, нийгмийн үйлчилгээний хүртээмж сул байх зэрэг олон асуудал, бэрхшээлтэй тулж байгаа гэж үздэг.

Иймээс манай улс дэлхийн 100 гаруй орны малчдын эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан юм.

Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах, уламжлалт мэдлэг, туршлагаа орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн шийдэл гэж үзэж байна.

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих, хүнс, ус, газрын уялдаа холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх бодит шийдлийн талбар болгохыг зорьж байна.

Манай улсын дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн гурван чиглэлд тулгуурлана.

Эдгээр нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн экосистемийг хамгаалах, ус, газрын нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн хөгжлийн шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 7 минутын өмнө
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 54 минутын өмнө
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 1 цагийн өмнө
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 5 цагийн өмнө
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 19 цагийн өмнө
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 19 цагийн өмнө
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 19 цагийн өмнө
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 21 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 21 цагийн өмнө
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 22 цагийн өмнө
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 22 цагийн өмнө
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 23 цагийн өмнө
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна Өчигдөр
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
Жүжигчин Ha Young-ий элэнц өвөө Японы урвагч байжээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 сэтгүүлчдийн өглөөний уулзалт болно Өчигдөр