БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын 23-ны өлзий дэмбэрэлтэй өдөр /2026.08.06/ Сутай хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Монгол түмний эрт цагаас шүтэн дээдэлж,“СҮҮТЭЙ УУЛ” хэмээн сүсэглэн залбирч, эв нэгдлийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн хүндэтгэж ирсэн Сутай хайрханы төрийн тахилгыг 4 дэх удаагаа ёслон гүйцэтгэж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар төрийг төлөөлөн оролцов.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад Монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.

Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн Монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд Монгол төр онцгой анхаарч ирсэн түүхтэй хэмээгээд, тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулах ажлыг эхлүүлээд байгааг Улсын Их Хурлын дарга уламжилсан юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтийг сонордуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ, Монголчууд бид эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Монголчууд бидний мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой төрийн их ёслол юм хэмээн онцолсныг Улсын Их Хурлын дарга зон олонд дуулгав.

Дараа нь Улсын Их Хурлын дарга Сутай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатарт гардуулж, ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар айлтгалыг дуудан сонсгосон.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цагаан /бор/ адууны дэлэнд хадаг уяж, тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.

Мөнх цаст Сутай хайрхан Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн  Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог. Сутай хайрханы Их овоог 2008 онд төрийн ёслолын дагуу тахиж, тус уулыг төрийн тахилгат хайрхны зэрэгт өргөмжилснөөр Монголын төрт ёс, байгаль шүтлэгийн уламжлалыг хадгалан хамгаалах үйл хэрэгт чухал байр суурь эзэлж буй билээ.

Төрийн тахилгын ёслолд төр, орон нутгийн байгууллагууд, иргэд, сүсэгтэн олон оролцож, өв соёл, зан заншлаа дээдлэн хүндэтгэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно 1 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө 15 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ 19 цагийн өмнө
“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна 23 цагийн өмнө
ЗАРИМ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 10-65 СМ НЭМЭГДЖЭЭ 23 цагийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллалаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: АВЛИГЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛЖ, ЗАРЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА Өчигдөр
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо Өчигдөр
Н.Учрал: Төрийн байгууллагуудыг бүх шатандаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ Өчигдөр
Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай Өчигдөр
ЗГ: Бензин, дизель түлшний онцгой албан татварын талаар хэлэлцэж байна Өчигдөр
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор өнөөдөр үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар орно Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзлаа Өчигдөр
С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал 2026/08/04
Д.Оюунбат: Сүүлийн гурав хоногт усны ослоор зургаан иргэн эндсэн 2026/08/04
Монголбанк 7 дугаар сард 1,439.2 кг үнэт металл худалдан авлаа 2026/08/04
Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ 2026/08/04
Балбын уулчин Нирмал Пуржа болон бусад 9 уулчны цогцсыг олжээ 2026/08/04