Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны долоодугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
Бага боловсролын нэгдүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлж, есдүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа шинээр эхлэх хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын дутагдаж буй эх үүсвэрийг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга нарт даалгалаа.
“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол 2026 оны тавдугаар сард батлагдаж, хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь нэгдүгээрт, сургалтын сайн хөтөлбөр; хоёрдугаарт, чадварлаг багш; гуравдугаарт, гэрт нь ойрхон сургууль юм. Мөн хүүхэд бүрд ногдох төсөв санхүүжилтийг шийдэх, үнэлгээг хуурамч дүнгүй, бодитой болгох, хүүхэд бүрд цахимаар сурах боломжийг бүрдүүлэх нь энэхүү бодлогын цөм бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ.

Нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай, ачаалал өндөртэй сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон, хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.
· Цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулснаар 2,240 суралцагч, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургуулиудын сул суудлыг ашигласнаар 2,810 суралцагч, сургалтын зориулалттай байр түрээсэлснээр 21,942 суралцагч буюу нийт 26,992 суралцагчийг хотхоны бага сургуулиудад хамруулахаар төлөвлөжээ.
· Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг төлөвлөж 2378 суралцагч /УБ хотод/, их сургуулиудын дэргэдэх төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 1862 суралцагч, дүүрэг бүрд төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж 3200 суралцагч, нийт 15–20 төрөлжсөн ахлах сургуульд 8100 суралцагч хамрагдах нөхцөлийг бүрдүүлжээ.
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах бүсчлэлд байгаа нийслэлийн ЕБС-иудын сургалт, үйл ажиллагааг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт хийнэ.
Дээд боловсролын тухай хуульд үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын 2026-2027 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлжээ.

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
2026-2027 оны хичээлийн жилд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт, сургуулийн өмнөх боловсролын 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагчийг хамруулна.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах ажлыг 2026 оны аравдугаар сарын 1-нээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Боловсрол, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хамтран хоёр үе шаттай зохион байгуулна.
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна.

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална.
“Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудал шийдэгдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.
Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цахим хурал хийж, баяр наадмаа дуусгаж, өвөл, хаврын бэлтгэл ажилд эртнээс анхаарч, ажиллахыг үүрэг болгосон. Ховд, Баян-Өлгийгөөс бусад аймагт энэ оны наймдугаар сарын 1-нээс хойш наадам зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдлээ.

Хөдөө аж ахуй, эрчим хүч болон орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо. Аймаг, орон нутгаас таван аймгийн сэргээгдэхэрчим хүчний төслийг эрчимжүүлэх, зарим аймгийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компанидболон нүүрсний уурхайд үүссэн өр төлбөрийг шийдвэрлэх, автозам засварын ажлыг эрчимжүүлэх зэрэг орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна
Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан "Үндэсний их баяр наадмын цогцолбор байгуулах төсөл"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Н.Номтойбаярт, зураг, төслийн ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
“Үндэсний их баяр наадмын цогцолбор” цогцолборыг “Хүй долоон худаг”-т байгуулж, Үндэсний бөх, Сурын харваа, Хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулахын зэрэгцээ олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг хүлээн авах 30 мянган хүний суудалтай байгууламж болгон төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох “Төрийн хүндэтгэлийн хүрээ”-г ашиглалтад оруулаад байна.
Төслийн нийт хөрөнгө оруулалт урьдчилсан байдлаар 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна
Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (хүүхэд 105) амиа алджээ. Эдгээр тохиолдол нь гол усанд сэлж байгаад, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарчээ. Хийлдэг гудас завьнаас унасан, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиагүйн улмаас эндсэн нь зургаан хувь байна.
2026 он гарсаар усны ослын 84 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн (31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдсан бол онцгой байдлын байгууллагын алба хаагчид 139 хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсжээ.
Онцгой байдлын байгууллагын судалгаагаар Улсын хэмжээнд усны осол ихээр гардаг 399 хар цэг тэмдэглэгдсэн бөгөөд ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 15-наас эхлүүлж, Онцгой байдал, цагдаа, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагчид усны ослын эрсдэл бүхий томоохон гол, мөрөн нуурын дагуу 47 чиглэлд, 37 автомашин, 22 завь, 12 мотоциклтойгоор үүрэг гүйцэтгэж сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. Эдгээр байгууллагаас иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.