МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫ
МӨРДӨГЧДИЙН НЭГСЭН ЗӨВЛӨГӨӨНД ХЭЛСЭН ҮГ
2026.06.22 Улаанбаатар хот
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын удирдлага алба хаагчид аа
Эрхэм генерал, офицер, комиссарууд, мөрдөгчид өө,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Өнөөдрийн энэхүү “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж, хүнд, хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэж байгаа мөрдөгчдөд төрийн хүндэтгэл үзүүлэн, энхүү зөвлөгөөний ач холбогдлыг өндөрсгөж, урам зориг өгч байгаад Хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт хамт олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.
Энэ бол Монгол Төр, төрийн тэргүүн иргэний эрх аюулгүй байдал шударга ёсны төлөө өдөр бүр хүнд нөхөцөлд ажиллаж буй мөрдөгчдийн хөдөлмөр зүтгэл үүрэг хариуцлагыг үнэлж үүргээ нэр төртэй биелүүлж яваа мөрдөгчдөддөө талархаж буйн тол илэрхийлэл юм.
Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хүлээж авсан цагаас хойш асуудлыг зөвхөн харьяа газар, агентлагийн хүрээнд бус, шүүх эрх мэдэл, хууль сахиулах, дотоод хэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны нэгдсэн хүрээнд харж, судалж, тодорхой хэмжээнд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Шүүх эрх мэдэл, Хууль сахиулах байгууллагууд чиг үүргийн хувьд бие даасан, хараат бус байх ёстой ч бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа оноо, хийдэл, давхардалаа дангаараа бус системийн хэмжээнд харж, засаж залруулах зайлшгүй шаардлагатай байна.
Өнгөрсөн хугацаанд удирдлагын түвшинд та бүхэнтэй ажил хэргийн санал бодлоо илэн далангүй хуваалцлаа. Анхан болон дунд шатны алба хаагчид, ахлагч, офицеруудтай ч сайд, даргын байр сууриас бус, жирийн иргэний байр суурь, хүний ёсоор ярилцаж, зовлон жаргалыг нь ч сонслоо.
Өнөөдөр Монгол Улсад 930 гаруй хууль, УИХ-ын 2500 гаруй тогтоол, захиргааны хэм хэмжээний 3220 акт батлагдан хэрэгжиж байна.
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын шинэчлэл эрчимтэй хийгдэж, олон ололт амжилт бий болсон хэдий ч нөгөө талдаа хууль зүйн нэгдсэн бодлого суларч, хараат бус, бие даасан нэрийн дор үйл ажиллагааны уялдаа холбоо алсарсан байна.
Шударга ёсны дэнс болсон байгууллага, албан тушаалтнууд үйл хэрэг үнэт зүйлээ буруу ташаа үнэлж, хууль дээдлэх ёс, нэгдмэл үнэт зүйл, нэг зорилгоо умартаж, амбицын хам шинжид автах явдал газар авчээ.
Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаа, үнэлэмжийг дордуулж эцэстээ төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулахад хүргэжээ.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн салбар “Эрх зүйт төр — Иргэний итгэлцлийн реформ”-ыг эхлүүлж, Шүүх эрх мэдэл хууль сахиулах салбарын бодлогын зөвлөлийг байгуулаад байна.
Энэ хүрээнд өнөөдөр бид гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг илүү оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
Өнөөдрийн энэхүү зөвлөгөөн зөвхөн нэг, хоёр байгууллагын, эсвэл нэг салбарын дотоод асуудлаар хязгаарлагдахгүй.
Мөрдөгчдийн зөвлөгөөн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, хүртээмж, иргэний шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрх, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадамж, хүний эрхийн баталгаа, төр, иргэний итгэлцлийн уулзварт өрнөж байгаа чухал яриа хэлэлцүүлэг, бодлогын шийдэл, нэгдсэн ойлголцол юм.
Монгол Улсад орчин цагийн мөрдөн шалгах алба үүсэж хөгжиж 100 жилийн ойтойгоо золгож байгаа энэхүү түүхэн цаг мөчид бид алдаа оноо, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, тулгарч байгаа асуудлуудаа илэн далангүй хэлэлцэн, хууль эрх зүйн болон техникийн шинэчлэлийг улам бүр гүнзгийрүүлэх, хүний нөөцөө хөгжүүлж, чадавхжуулах гарц шийдлийг хамтдаа тодорхойлох шаардлагатай байна.
Мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшин, амжилт зөв гольдролоор урагшилж, бодит үр дүнд хүрсээр байгааг бид онцлох ёстой.
Гэхдээ мөрдөн шалгах үйл ажиллагааг илүү шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилд тулгуурласан, орчин цагийн мэргэшсэн алба болгох нэн чухал шаадрдлага хэрэгцээ байна.
Монгол төрийн нэр хүндийг бэхжүүлж, иргэн, төр хоёрын итгэлцлийг хамгаалах, хууль тэгш хэрэгжих зарчим, шударга зөв тогтолцоог бүрдүүлэхэд мөрдөгчид хамгийн чухал үүрэг гүйцэтгэх учиртай.
Ард иргэд хууль сахиулах байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаа, хууль хүн бүрд эрх тэгш үйлчилж байгаа эсэхэд урам хугарсан, итгэл алдарсан байдал өдөр ирэх бүр нэмэгдэх хандлагатай байгааг бид мэдээгүй мэт мэлзэж, анзаараагүй мэт өнгөрөх аргагүй хэмжээнд хүрчээ.
Энэ нь нэг албан тушаалтан, нэг байгууллага, нэг салбарын хэмжээнд бус, нийтээрээ санаа зовниж, үтэр түргэн засаж залруулах шаардлагатай, системээр нь шинэчлэх ёстой нийгмийн захиалга гэж үзсэн учраас “Эрх зүйт төр - иргэний итгэлцлийн реформ”- ын эхний томоохон ажил болгож өнөөдрийн энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд “хэрэг удааширч байна”, “хэрэг замхарч алга болж байна”, “мөрдөн шалгах ажиллагааны үр дүн тодорхойгүй, бүрхэг байна”, “хүнд суртал их байна”, “ёс зүйн асуудал байна “хэрэг бүртгэлийн хэрэг нээн олон жил шалгадаг” гэх гомдол иргэд болон өмгөөлөгчдөөс хэдэн зуугаараа ирэх болсон байна.
Ийм үл итгэх хандлага хууль сахиулагчид, мөрдөгчдөд үйл ажиллагаагаа үр дүнтэй, нэр төртэй гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлж байгааг ч бид тооцох учиртай.
Мөн дэлхий нийтэд гэмт хэргийн шинж чанар эрс өөрчлөгдөж байна.
Өнөөдөр гэмт хэрэг хилээр хязгаарлагдахгүй, цахим орчноор дамжиж, санхүүгийн системээр нуугдаж, зохион байгуулалттай сүлжээгээр тэлж, хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг хүртэл ашиглаж байна.
Олон улсын байгууллагуудын үнэлгээгээр кибер гэмт хэрэг, санхүүгийн залилан, зохион байгуулалттай гэмт хэрэг, мэдээллийн манипуляц, үндэстэн дамнасан гэмт хэргийн сүлжээ нь зөвхөн хууль сахиулах салбарын асуудал бус, улс орны эдийн засаг, нийгмийн итгэлцэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдэл болон хувирч байна.
Ийм үед уламжлалт арга барил, зөвхөн хүний хүч, туршлага, цаас тойрсон ажиллагаа, тоон үзүүлэлтэд төөрөлдсөн үнэлгээгээр үр дүнг хийсвэрээр хэмжих нь хоцрогджээ.
Өнөөдөр нэг мөрдөн байцаагчид ногдох хэргийн тоо, ажлын ачаалал, удирдлагын дарамт, шинжээч, криминалистикийн хүчин чадлын хүрэлцээгүй байдал, гэмт хэргийн нарийн төвөгтэй, технологижсон шинж, мэргэжлийн боловсон хүчний дутагдал зэрэг нь та бидний шударга ёсыг тогтоох хүсэл эрмэлзэлд тодорхой саад бэрхшээл учруулж, томоохон сорилт болж байна.
Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй.
Тусламж хүссэн, аврал эрсэн анхны дуудлага ирсэн цагаас, гомдол гаргасан тэр мөчөөс, анхны үзлэг, шинжилгээ хийгдсэн үеэс, нотлох баримт бүрдсэн тэр цэгээс мэргэжлийн ёс зүйн зарчим шударга ёсны зам болж эхэлдэг.
Тиймээс мөрдөгч, комиссарууд та бүхэн бол шударга ёсыг эхлүүлэгч, чиглүүлэгчид юм.
Мэргэжлийн нэр хүнд үнэ цэнээрээ бахархах эрх та бүхэнд бий.
Энэ анхны гэх бүх хариуцлага, ачаалал, хамгийн эмзэг бөгөөд оновчтой шийдвэрүүд мөрдөгчийн мэдлэг чадвар дээр тогтдог.
Тиймээс мөрдөгчийн эрх зүйн орчин, ажлын нөхцөл, бодит ачаалал, мэргэших боломж, хууль хэрэгжүүлэх баталгаа, ар гэр нийгмийн асуудлыг өнөөдөр эрх зүйт төрийн бодлогын гол цөмд авч үзэх зайлшгүй шаардлагатай байна.
Монголын нийгэм өнөөдөр хууль сахиулах байгууллагаас илүү өндөр хариуцлага, илүү мэргэжлийн ажиллагаа, илүү шударга хандлагыг шаардаж байна.
Иргэд аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалагдахыг,
Хохирогч гомдлоо үнэн зөв, түргэн шуурхай шалгуулж, шийдвэрлүүлэхийг хүсэж байна.
Гэрч аюулгүй орчинд мэдүүлэг өгөх, сэжигтэн, яллагдагч хуульд заасан эрхээ бүрэн эдлэж, цагаатгах ажиллагааг бүрэн гүйцэд хийлгэж, нийгэм бүхэлдээ шударга, шуурхай, хүний эрхэд нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг хүлээж байна.
Энэ бол зүй ёсны шаардлага юм.
Тиймээс мөрдөгчдийг хар тамхи, кибер гэмт хэрэг, санхүү, эдийн засгийн гэмт хэрэг, хил дамнасан онц хүнд гэмт хэрэг зэрэг чиглэлээр салбар тус бүрд мэргэшүүлж, шатлан дэвшдэг, ажлын байр, албан тушаал, цалин урамшууллын зэрэглэлтэй болгох тогтолцооны өөрчлөлтийг хийнэ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс Монгол Улсад хууль зүйн нэгдсэн бодлогыг сэргээх, Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэн төвтэй эрх зүйн реформыг бодит ажил болгох, улс орны дотоод хэргийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны стандартыг шинэ шатанд гаргах бодлого хэрэгжүүлж байна.
Энэхүү бодлогын нэг чухал хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд хийх шинэчлэлт, өөрчлөлт байх болно.
Мөрдөн шалгах ажиллагааг шударга, мэргэжлийн, хүний эрхэд суурилсан, нотолгоонд тулгуурласан байхаар зохион байгуулж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Мөрдөгчдийн ачааллыг бууруулах, аливаа хууль бус нөлөөлөлд орохгүйгээр бие даан ажлаа хийж гүйцэтгэх нөхцөлийг хангах, эрхийг нь хамгаалах хүрээнд Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ЗГ, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулна.
Мөн Албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хууль, Улсын бүртгэлийн, Шүүхийн шийдвэрийн тухай багц хуулийн төслүүд, Эрүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслүүдийг Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль, Шүүхийн тухай хууль зэрэг хуулиудыг Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна.
Эрхэм мөрдөгчид, генерал, офицеруудаа !
Эдгээр хууль та бидний ажилтай шууд холбоотой бөгөөд өнөөдрийн энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал санаачилга, зөвлөмжийн дагуу холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлж намрын чуулганд өргөн мэдүүлж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах болно.
Төр та бүхнээс хуулиа баримтлахыг, нотлох баримтад тулгуурлахыг, хүний эрхийг хүндэтгэн хамгаалахыг, хохирогчийг орхигдуулахгүй байхыг, гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэхгүй байхыг, хууль бус нөлөөлөлд автахгүй байхыг хатуу шаардана.
Үүний зэрэгцээ төрийн зүгээс хууль ёсоор үүргээ гүйцэтгэж байгаа мөрдөгчөө хамгаалах, ажиллах орчныг нь сайжруулах, ачааллыг нь бодитой тооцох, мэргэшлийг нь дэмжих, хууль сахиулах үйл ажиллагаа, нэр төрийг нь хамгаалах үүрэгээ хэрэгжүүлнэ.
Хууль сахиулагч мөрдөгчийг хамгаална гэдэг нь ёс зүйгүй үйлдэл, хариуцлагаас чөлөөлөх тухай ойлголт биш. Харин та бүхний хууль ёсны ажиллагааг хууль бус нөлөөллөөс хамгаалж эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай юм.
Өөрийн эзэмшсэн мэргэжил, ажил, албан тушаалаараа далайлган иргэн, аж ахуйн нэгжийг дарамталсан, шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад нэр төрд нь халдах ажиллагааг зохион байгуулсан, эх сурвалж болсон, аж ахуйн нэгжүүдийг дампуурахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан хэнтэй ч Хууль зүй, дотоод хэргийн сайд эвлэрэхгүй. Ийм үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх тал дээр хатуу зогсоно гэдгийг сануулъя.
Та бүхний ажил ард түмний амьдралын хором мөч бүхэнтэй хамт байж тэр хэрээрээ олон нийтийн хардлага, сэрдлэгийг дагуулж байдаг. Ийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс олон нийтэд аливаа хэрэг, маргааны талаарх мэдээллийг үнэн бодитой, анхдагч эх сурвалжаас нь хүргэдэг байх, хууль дээдлэх соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хууль сурталчлан таниулах зорилгоор эрэн сурвалжлах сэтгүүлчид, хуулийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах эхлэлийг тавьсан бөгөөд цаашид Хэвлэл мэдээлэлтэй улам бүр нээлттэй, ил тод ажиллах бодлогыг баримтлах болно.
Эрхэм мөрдөгчид өө,
Та бүхэн өдөр бүр хүний зовлон, гэмт хэрэг, хохирол, эрсдэл, дарамт, шүүмжлэл дунд асар амаргүй үүргийг гүйцэтгэдэг.
Гэхдээ та бүхний хариуцсан ажил бол Монгол төр ард түмний нэрийн өмнөөс нийгмийн аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хамгаалж түгээж байдаг нэн хариуцлагатай, тангарагт алба гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй.
Тиймч учраас мөрдөгчдийг мэргэшлийн сургалт, хөгжлийн ажил болон албаны гарцаагүй шаардлага гарснаас бусад тохиолдолд ажлын бус цагаар хуулиар хүлээсэн үндсэн үүрэгт ажлаас нь өөр ажилд дайчлан ажиллуулахгүй байхыг Хууль сахиулах байгууллагын бүх шатны удирдлагууд та бүхэнд анхааруулья
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрх нь зөрчигдсөн, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон, хилс хэрэгт гүтгэгдсэн иргэнийг цагаатгах эрхийг хангуулах ажлыг л мөрдөгчид мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ёстой.
Харин удирдлагууд та бүхэн эрсдэлийн эхэнд зогсож, ачааны хүндийг үүрдэг алба хаагчид, мөрдөгчдийнхөө ажиллах орчныг сайжруулах,нийгмийн асуудлыг нь шийдвэрлүүлэх, мэргэшүүлэх, хамгаалах, хууль сахиулах стандартыг хэрэгжүүлж хэвшүүлэхэд санаагаа чилээж, бодит ажил болгоход онцгой анхаараарай.
Энэ танхимд Улсын ерөнхий прокурор сууж байна. Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд ч сууж байна.
Мөрдөх байгууллагууд болон прокурорын байгууллагын хамтарсан Хавтаст хэргийг цахимжуулах ажлын хэсэг байгуулагдаж Германы GIZ байгууллагатай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд та бид бүхний ажилд хамааралтай, ард иргэдэд тустай нэгэн шийдвэрийг өнөдөөр энэ танимаас хамтран гаргахыг хүсэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг нэмэгдүүлж, хэргийн оролцогчдын цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгоор гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээчийн мэдүүлгийг тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр авах эрх зүйн болон техникийн бүрэн боломжтой гэж үзэн, энэ ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цахим хэлбэрээр цуглуулах, бэхжүүлэх боломж бүрдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг иргэнд илүү ойртуулах ач холбогдолтой юм.
Тиймээс Улсын ерөнхий прокурорын баталсан “Мөрдөн шалгах ажиллагааны журам”-д өөрчлөлт оруулах саналыг Улсын ерөнхий прокурор Танд тавьж байна.
Энэ ажлыг ойрын хугацаанд хамтран хийж хэрэгжүүлцгээе.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, төрийн их хүндэтгэл, итгэл найдварын дор өрнөж байгаа “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ий үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.
Монгол төрийн хууль сахиулах албанд нэр төртэй зүтгэж байгаа нийт мөрдөгчдөө талархал илэрхийлье.
Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт хүсье.