Төрийн байгууллагын коридорт нууцаар оргнож, өөрийгөө тус байгууллагын ажилтан мэтээр бусдад итгүүлэн залилах гэмт хэрэг үйлддэг байсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилсан байна.
Тухайн этгээд өмнө нь ажиллаж байсан төрийн байгууллагынхаа коридорт нууцаар орогнож, өөрийгөө тус байгууллагад "Аудитор"-оор ажилладаг хэмээн бусдад танилцуулдаг байжээ. Зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, "Гадаадын хөрөнгө оруулалттай, тусгай нөхцөлтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнө" хэмээн иргэдийг төөрөгдүүлдэг байжээ.
Цагдаагийн байгууллагын тогтоосноор, иргэн С нь:
Бусдыг залилан 90 сая төгрөгийн бодит хохирол учруулсан.
Мөн иргэдээс байрны урьдчилгаа хэмээн 300 сая төгрөг авахаар тохиролцсон байсныг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд илрүүлэн, үйлдэл дээр нь баривчилсан байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг аливаа төрлийн ашигтай санал, хөнгөлөлттэй зээл, тусламжийн мэдээлэл ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгахыг анхааруулж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байгаа тул гэмт хэрэг үйлдэхээс татгалзахыг санууллаа.