- Ц.Б нь ... газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн П.А-ийн гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн 1 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг холбогдох дүрэм журмыг зөрчиж, нэвтрүүлэн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан;
П.А нь Олон улсын нислэгээр их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө болох 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн үнэт эдлэл, алт, монет, шүрэн эдлэл зэргийг өөрийн биедээ нууж гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болох нийт 164 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, дээрх үйлдлийг шалгаж байсан эрх бүхий албан хаагчид албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах) 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх), 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (татвар төлөхөөс зайлсхийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч П.А-г дээрх хэрэгт хамтран оролцсон, нийтийн албан тушаалтанд хахууль өгөх, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн 3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 8 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.