БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хэн бүхний харааг бүлаадаг байсан Япон улсын хатан Масако гэж хэн бэ?

С.Жамъяаннацаг
5 цагийн өмнө

Япон Улсын Эзэн Хаан Нарүхитогийн гэргий Масако Хатны талаар

Энэ жил 62 нас хүрэх Масако Хатан дипломатчийн гэр бүлд төрж өссөн, бага насандаа аавынхаа ажлын шаардлагаар Москва, Нью-Йорк зэрэг хотуудад амьдарч байсан. Харвардын их сургуулийг "онц дүнтэй" төгсөн, 1987 онд Японы гадаад явдлын яаманд ажилд орж удам залгамжилсан дипломатч болох замналаа эхлүүлж байжээ.

Эзэн Хаан, Масако Хатан хоёр 1986 онд нэгэн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр анх учирчээ. 120 орчим хүн оролцсон уг арга хэмжээн дээр 23 настай Масако үзэсгэлэнт төрхөөрөө хэн бүхний харааг булааж байсан гэгддэг бөгөөд хожим анхны энэ уулзалтынхаа талаар Эзэн Хаан ”Юуны өмнө, маш даруухан боловч өөрийн бодож байгаагаа тодорхой хэлдэг, ухаалаг хүн гэдэг нь мэдрэгдсэн. Ярилцаад үзэхэд яг л сэтгэл зүрхээрээ ойлголцож байгаа мэт мэдрэмж төрсөн” гэж дурсан ярьсан байдаг. Японд 20 гаруй жил амьдарч байгаагийн хувьд дүгнэхэд ”өөрийн бодож байгаагаа тодорхой хэлдэг” япон хүн тийм ч олон байдаггүй бөгөөд тэр тусмаа Эзэн Хаантай анх удаа уулзахдаа ийм байна гэдэг нь хэн бүхний хийж чадах зүйл биш юм. Масако Хатны чухам энэ чанар л 26 настай Ханхүүгийн сэтгэл зүрхийг ихээр татсан болов уу.

Энэ уулзалтаас хойш гэрлэх хүртэл 7 жил орсон бөгөөд нэг талаас ирээдүйн хатныг сонгох нарийн хатуу шалгаруулалт, нөгөө талаас Масако Хатан ажилдаа үнэхээр дуртай байсан нь нөлөөлсөн гэнэ лээ. Гэхдээ Ханхүү бууж өгөлгүй, эргэн тойрныхноороо зөвшөөрүүлж, Масако Хатныг ”Эзэн Хааны гэр бүлийн гишүүн байсан ч, дипломат ажилтан байсан ч аль аль нь эх орныхоо төлөө ажиллаж байгаа гэдгээрээ адилхан юм” хэмээн ятгасны хүчинд 1993 онд сая нэг гэргийгээ болгож чаджээ.

Гэхдээ тэр хоёрын амьдрал дардан байгаагүй. Хаан ширээ залгамжлах хүү хүссэн нийгмийн асар их хүлээлтийн дундуур 2001 онд Айко Гүнж мэндэлсэн. Тэдний цорын ганц хүүхэд юм.

2003 оноос Масако хатны бие муудан, "дасан зохицох эмгэг" гэдэг оноштойгоор 10 гаруй жилийн турш Хааны гэр бүлийн албан ёсны ажил, уулзалтуудад бараг оролцолгүй олны нүднээс хол байсан. Үүний цаана Эзэн Хааны ордны хатуу чанга дүрэм журам, бусад гэр бүлийн гишүүдийн хандлага харьцааны асуудал байсан гэж яригддаг. Нэг зүйл сануулахад, Эзэн Хаан 2019 онд л хаан сэнтийд заларсан бөгөөд тэр болтол Ханхүү байсан юм...

Гэхдээ Эзэн Хаан энэ бүх хугацааны турш анх гэрлэх санал тавьсан үедээ хэлсэн ”Насан туршид чинь хамгаална” гэсэн үгэндээ хүрч байнга Хатныхаа талд байж, халамж хайраар дүүрэн байлгасан бөгөөд тиймдээ ч Масако Хатан одоо эрүүл саруул, үүрэгт ажлаа итгэл дүүрэн хийж байна. Мөн л Японд 20 жил гаруй болсон хүний хувьд хэлэхэд ”эхнэртээ хайртай, түүний төлөө юу ч хийхэд бэлэн” гэдгээ Эзэн Хаан шиг хэвлэл мэдээллийнхний өмнө зарлах нь байтугай эхнэртэйгээ хоёулахнаа байхдаа ч хэлж чадах япон эрэгтэй цөөн болов уу. Нийгмийн онцлог нь тэр юм.

За Хаан, Хатан хоёрын хайрын түүх нэг иймэрхүү. Түүнээс гадна Масако Хатны эмэгтэй дүү 1990-ээд оны эхээр UNICEF-ийн Бээжин дэхь төлөөлөгчийн газар ажиллаж байсан бөгөөд ардчилалсан нийгэмд шилжээд удаагүй байсан манай орны нөхцөл байдалтай танилцах, тусламжийн ажил эхлүүлэх зэргээр хэд хэдэн удаа Монголд айлчилж байжээ. Японы нэгэн сэтгүүлд бичсэнээр, Монгол Улсад хийх айлчлалаасаа өмнө Масако Хатан дүүгээ дуудаж уулзан, тэр үеийнх нь талаар дэлгэрэнгүй яриулах зэргээр манай орны түүх соёлын талаарх мэдлэгээ нэмсэн гэсэн.

Энэ удаагийн айлчлал Японы Эзэн Хаан Нарүхитогийн хаан ширээнд заларснаасаа хойш гадаад орон уруу хийж байгаа 3 дахь айлчлал бөгөөд манай орноос өмнө хааны гэр бүлтэй нь олон жилийн дотно харилцаатай Англи улс болон хамтын ажиллагааны томоохон ойг тохиолдуулан Индонези улсад айлчилж байсан юм. Сайхан орныг минь хүндэтгэн 8 хоногийн хугацаатай зорин очиж байгаа Хаан, Хатан хоёрын айлчлалд талархахын зэрэгцээ монгол түмэн минь хэн бүхнээс илүү халуун дотноор хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

Японы Эзэн Хааныг Нарны бурхны үр сад хэмээдэг бөгөөд Хөх Тэнгэрийн оронд маань Нар цацарсан сайхан өдрүүд тохиож, хоёр орны найрамдалт харьцаа мөнхөд үргэлжлэх болтугай! 

эх сурвалж: Б. Энхчимэг  



0
angry
0
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 48 минутын өмнө
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 6 цагийн өмнө
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 21 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ Өчигдөр
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА Өчигдөр
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Өчигдөр
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ Өчигдөр
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ Өчигдөр
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ Өчигдөр
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 2026/10/05
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 2026/10/05
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 2026/10/05
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 2026/10/05
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 2026/10/05
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 2026/10/05