Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг зохицуулалт хэрэгжсэнээр нийтийн тээврийн салбарт ямар өөрчлөлт гарсан талаар болон сар шинийн баяраар ямар зохицуулалт хийж буй талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.
Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих системийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хугацаатай автобусны картыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй болж байна. Тус картаар сард 25 мянган төгрөгөөр хязгааргүй зорчдог байсан бол одоогийн зохицуулалтаар нэг хүн сард 22 мянган төгрөгөөр зорчих боломжтой болсон” гэв.