БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Г.Оюунтуяа
2025/02/26

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр  (2025.02.25) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.


Уулзалтын эхэнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг БНХАУ-д айлчилж буйд баяртай байна гээд, уул усаар холбогдсон сайн хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын даргын хувиар гадаад айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-аас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Тэрбээр, Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэгийг дурдаад, хоёр талын парламент уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол, Хятад хоёр улсын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 5 дахь удаагийн хуралдаан өнгөрсөн жил буюу хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизм бий болсны 10 жилийн ой тус тус тохиосон чухал жил зохион байгуулагдсан бөгөөд механизмын хурлыг энэ удаад Монгол Улсад зохион байгуулна. Тус  механизмын хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшилтэт технологийг ашиглах болон мэдээллийн технологийг нэвтрүүлэн хэвшүүлж байгаа талаарх туршлага хуваалцах талаар талууд санал солилцов.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, иж бүрэн зохицуулалттай, цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх “Гурван төгөлдөршил” бодлогыг баримтлан ажиллаж буйгаа онцоллоо. Тэрбээр хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, тэр дундаа дэд бүтэц, боомтын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт технологи, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх саналаа илэрхийлэв. Монгол, Хятадын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулах хүрээнд ирэх онд батлагдах БНХАУ-ын 15 дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөнд талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг тусгах талаар харилцан санал солилцлоо.


Боомт, дэд бүтцийн хамтын ажиллагааны хүрээнд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсантай холбогдуулан ойрын хугацаанд парламентаар холбогдох хуулийг соёрхон батлан, бүтээн байгуулалтыг эхлүүлэх талаар ярилцав. Үүнтэй холбогдуулан Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтын холболтын асуудлыг зэрэгцүүлэн эхлүүлэх, мөн Булган-Такашикен боомтын өргөтгөл, баруун бүсэд худалдаа, эдийн засгийн хоёр дахь боомтыг байгуулах, баруун бүсийн хүн амын зах зээлээс алслагдсан байдлыг арилгах, бүс нутгийн хэмжээнд байгаа Орос, Монгол, Хятадын 30 гаруй сая хүн амын зах зээлийн төвлөрлийг бий болгох чиглэлээр ярилцлаа.


Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв, говийн бүсийг эрчим хүчний дэд төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох хүрээнд судлагдсан талбайд том чадлын нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станц барьж, цахилгаан эрчим хүчийг БНХАУ руу экспортлох боломжийн талаар ярилцав.

Мөн талууд хамтын ажиллагааны шинэ чиглэлийн талаар санал солилцож, өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд идэвхтэй оруулах хүрээнд Монгол Улсын улаан буудай, гурил, тэжээлийг БНХАУ руу экспорлох, анхан шатны боловсруулалт хийсэн малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх  боломжийн талаар харилцан санал солилцлоо. 


БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жао Лөжи хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр шинэ боломжуудыг эрэлхийлэхийг зорьж буй талаар онцлов. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцохыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА 10 минутын өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 минутын өмнө
GOOGLE MAP, E-MONGOLIA СИСТЕМЭЭР АВТО ЗАМЫН ЗАСВАР, ХААСАН МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛЛОО 56 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “The MongolZ” багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ 1 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛД ТАВЬСАН ХЯЗГААРЛАЛТЫГ ЦУЦЛАХ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН МОНГОЛБАНК САНАЛ НЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ 3 цагийн өмнө
УИХ дахь Blaavgai Ц.Мөнхтуяа 3 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ 4 цагийн өмнө
Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой 4 цагийн өмнө
Онцгой байдлын ерөнхий газар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 5 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 6 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 6 цагийн өмнө
НИЙТ НУТГИЙН 51 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 6 цагийн өмнө
Дэлхийн эгдүү MZINHO 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ 8 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр