Ж.Ганбаатар сайд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг халсан захирамжийг буцаалгасан нь үнэн үү?

С.Бадарч
2023/04/07

Нийслэлийн БГД-ийн Иргэдийн хурлын АН-ын төлөөлөгч нар өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлдээ "Өнгөрсөн оны гуравдугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсан. Үүний өмнө нийслэлийн БГД-ийн МАН-ын дарга буюу УИХ-ын гишүүн, тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороны дарга Ж.Ганбаатар дүүргийн намын хорооны хурал дээрээ 2020 оны сонгуулийн дараа МАХН-аас нэр дэвшсэн н.Магнайбаярыг таван зуун сая төгрөг өгнө гэж амлаад 200 сая төгрөг өгсөн гэдэг мэдээлэл гарсан. Энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Мөн төрийн эрхийг хууль бусаар авах гэх асуудал байгаа. Энэ асуудлыг дүүргийн ИТХ-аас АТГ-д өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой хариу алга. 

Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч 14 хүн гарын үсэг зуран төрийн болон төсвийн мөнгийг хууль бусаар завшсан, аудитийн дүгнэлт гэх зэрэг маш олон ноцтой асуудлуудаар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарт хариуцлага тооцох тухай бичгийг Иргэдийн ээлжит хуралд өргөн барьсан. Ингээд дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг 2023 оны гуравдугаар сарын 29-ны өдөр огцруулсан. Үүнийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлэн гуравдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар БГД-ийн засаг даргад хариуцлага тооцох тухай захирамжаа гаргасан. Үүний дараа Ж.Ганбаатар дүүргийн намын хорооны хурал дээрээ намын гишүүдтэй хийсэн ярилцлага гарсан. Тэр ярилцлага дээр маш олон ноцтой асуудал бий. Тэр ноцтой асуудлуудыг бид АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар өгч байна. Энэ бичигт Ж.Ганбаатар нь Баянгол дүүргийн МАН-ын гишүүдтэй уулзалт хийхдээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын гаргасан шийдвэрийг буцаалгаж байгаа. Энэ асуудлаар улс төрийн дээд албан тушаалтнууд хуралдаад нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг цуцлуулсан гэхчлэн ярьсан бичлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй цацагдсан. Эдгээр өндөр албан тушаалтныг зайлшгүй шалгуулах шаардлагатай байна гэж бичсэн байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна