БНСУ-руу нисэх нислэг, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцжээ


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар 8 дугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үр дүнгийн талаар хамтарсан хэвлэлийн мэдэгдэл хийсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хийсэн мэдэгдлийг хүргэж байна.

Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, ноёд хатагтай та бүхэнд талархал илэрхийлье.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Пак Жин 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. 8 жилийн дараа хэрэгжиж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэн, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, замын зураглалыг тодорхойлоход онцгой ач холбогдолтой болж байна.

Өнөөдөр Пак Жин сайдтай найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, дээд түвшинд тохиролцсон Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр хэрэгжүүлж буй бодит ажлуудыг хэлэлцэж, хамтын ажиллагааг 5 тулгуур чиглэлд өргөжүүлэн бэхжүүлэх талаар тохирлоо.

 “Стратегийн түншлэл”-ийн харилцааг:

  1. Улс төр, аюулгүй байдал;
  2. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг;
  3. Боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд;
  4. Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа;
  5. Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хөгжүүлэхээр тусгасан.

Монгол Улс, БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй билээ. Монгол Улс, БНСУ-ын улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх талаар талууд санал нэгдлээ. Энэ хүрээнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо, Гадаад хэргийн яамд хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмуудыг бэхжүүлж, энэ онд багтаан ээлжит уулзалтуудыг зохион байгуулахаар тогтлоо.

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцлоо.

Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг бүс нутгийн хэмжээний тээвэр, логистикийн зангилаа болгох, Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хүрээнд БНСУ-ын Инчоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлах ажлыг амжилттай эхлүүлснийг талууд сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

Хоёр улсын харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг Монгол Улсын байгалийн баялаг, БНСУ-ын ноу-хау, шинэ дэвшилтэт технологийг хослуулах замаар хөгжүүлэх талаар ярилцаж, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо. Мөн “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

Манай “гуравдагч хөрш” БНСУ нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлүүлэн тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвд дулааны станц барих”, “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийг урагшлуулах талаар онцгойлон анхаарч ажиллахаар тогтлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Манай улсын “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг БНСУ дэмжиж, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” 3 дугаар шатны төслийн хүрээнд нийт 45 га талбайд мод тарих ажлыг өргөжүүлэхээр боллоо.

Мөн Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр тал үзэглэлээ.

Монгол, Солонгосын иргэдийн солилцоог дэмжих хүрээнд соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд, залуучуудын хөгжил, биеийн тамир, спорт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах талаар ярилцлаа.

БНСУ-д оршин суугаа манай иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн нөхцлийг хөнгөвчлөх, хоёр улсын хоорондын агаарын нислэгийн тоог нэмгэдүүлэх зэргээр ард иргэдийн солилцоог өргөжүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо.

Зүүн хойд Азид зэрэгцэн оршиж буй Монгол Улс, БНСУ нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөөх үйлсэд хамтдаа хувь нэмэр оруулж ирсэн. Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгад БНСУ идэвхтэй оролцож ирсэн. Монгол-БНСУ-АНУ-ын гурван талт уулзалтыг зохион байгуулах тухай монголын талын санаачилгыг ч БНСУ дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийллээ.

Монгол Улс мөн Зүүн хойд Азийн бүс нутаг, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн БНСУ-ын шинэ засаг захиргааны бодлого, санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт итгэл төгс байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна