Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Р.Батболд, М.Энхцэцэг, Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, П.Ганзориг нар өнөөдөр (2025.09.01) Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Татварын багц хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар санал солилцлоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс санал авч буй энэ цаг үед танхимын төлөөлөлтэй ярилцаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай байгааг дурдлаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалсан Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэдэд татвар ээлтэй байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө d.parliament.mn-д байршуулсан учраас уг асуудалд МҮХАҮТ-ын төлөөллийн санал, хүсэлтийг харгалзах нь чухал хэмээн онцоллоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважавын зүгээс компани, аж ахуй нэгж байгууллагууд өнөөдрийн байдлаар 253 хууль биелүүлж, түүнийг дагалдан гарсан журам бүрийг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалж, өсөж өндийх боломж хумигдаж байна гэв. Тиймээс төрийн хүнд суртлыг арилгах, зохисгүй олон журмыг үгүй болгох УИХ-ын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хуулиудаар хувь хүнд татварын ачаалал их байгааг хөнгөлөх шаардлагатай талаар дурдав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, татварын багц хууль нь өрхийн орлогыг хамгаалахад чиглэсэн гэдгийг тодотгоод зөвшөөрөл, журмаар аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэдэг асуудлыг цэгцлэхээр шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, 1997 оноос хойш шинэчлэгдээгүй Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар шинэчлэхээр ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Татварын багц хуулийн ажлын хэсэг нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах зорилготой, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, төрийн өмчит компаниуд зах зээлд томоохон байр суурь эзэлдэгт анхаарал хандуулах шаардлагатай, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх, УИХ-ын гишүүн Р.Батболд, арбитрын шүүхийн асуудал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг нь ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр ажиллаж буй талаар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Дулаан хангамжийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлсэн бөгөөд Цахилгаан хангамжийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран ажиллаж, зөвлөмж авч ажиллах нь тухайн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой төдийгүй бизнес эрхлэгчдийг төлөөлж буй МҮХАҮТ нөгөө талаас чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчийн эрх ашгийг хангадаг байхад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатайг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.