2025 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ДЦС-3 дээр осол гарч 1 хүний амь эрсдсэн харамсалтай явдал болсон билээ.
Уг ослоос үүдэн зарим байршлуудад ирэх өвөл хөлдөх эрсдэл үүсэж болзошгүй талаар Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа дараах мэдээллийг нийтэлжээ.
Тэрээр, "2025 оны 6 дугаар сарын 2-3 нд шилжих шөнө ДЦС-3 -ын Өндөр даралтын хэсэгт гарсан ослын улмаас 1200-1500 тн орчим халуун ус буюу 100 г/кал дулааны ачаалал, 50 МВт цахилгааны ачаалал доголдож, ХУД-ийн Мишээл, Зайсан, Оргил, Удирдлагын Академи, Хүннү, Жапан таун, 120 мянгат, 19-р хороолол, Их тэнгэр, Маршал, Баруун 4 замаас Чингис зочид буудал хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурахаар болж байна.
Шинэ Засгийн Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурьдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.
Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 200 MBт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж улсад ихээхэн хохирол учирлаа.
Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад Засгийн газар уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.