Өнөөдөр Цагдаагийн байгууллагын “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” Төрийн ордны “Их Монгол танхим”-д болж, 2000 гаруй мөрдөгч танхим болон цахимаар оролцож байна.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, мөрдөн шалгах ажиллагааны хүнд, хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэж буй мөрдөгчдөд төрийн хүндэтгэл үзүүлж, мөрдөгчдийн төлөөллийг шагнан урамшууллаа.
Өнөөдрийн “Мөрдөгчдийн нэгсэн зөвлөгөөн” зөвхөн нэг байгууллагын дотоод асуудлаар хязгаарлагдаагүй. Энэ бол Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, иргэний шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрх, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадамж, хүний эрхийн баталгаа, төрд итгэх олон нийтийн итгэлийг хадгалах зэрэг “суурь асуудлаа дүгнэх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулах санал санаачилга, гарц шийдлийг олох” бодлогын чухал уулзалт болно гэж итгэж байна.
Өнөөдөр мөрдөгчийн эрх зүйн орчин, ажлын нөхцөл, бодит ачаалал, мэргэшил, хамгаалалт ямар байгааг төрийн бодлогын түвшинд авч үзэх зайлшгүй шаардлага бий болсон.
Монголын нийгэм өнөөдөр хууль сахиулах байгууллагаас илүү өндөр хариуцлага, илүү мэргэжлийн ажиллагаа, илүү шударга хандлага шаардаж байна.
Нөгөө талаас гэмт хэргийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байна. Цахим залилан, санхүүгийн гэмт хэрэг, мөнгө угаах, мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, хувийн мэдээлэл ашигласан хууль бус үйлдэл, хил дамнасан гэмт хэргийн шинж улам бүр нарийсаж байна.
Ийм үед хуучин арга барил, зөвхөн туршлага, цаасан ажиллагаа, тоон үзүүлэлтэд тулгуурласан үнэлгээ хангалтгүй болжээ.
Өнөөдрийн Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөнөөс бид тодорхой үр дүн хүлээж байна.
Мөрдөгчийн эрх, үүрэг, хариуцлагын заагийг тодорхой болго
Ажлын бодит ачааллын стандарт тогтоох
Мэргэшсэн мөрдөгчийн тогтолцоог бүрдүүлэх
Мөрдөн шалгах ажиллагааг цахимжуулах
Прокурорын хяналт, шүүхийн зөвшөөрөл, мөрдөгчийн мэргэжлийн шийдвэрийн тэнцвэрийг зөв тогтоох
Хүний эрхийн баталгааг мөрдөн шалгах ажиллагааны эхний шатнаас хангах зэрэг эдгээр асуудлыг бид бодлогын түвшинд ярьж, эрх зүйн шинэчлэлийн бодит санал, хэрэгжих ажлын чиглэл болгох ёстой.
Мөрдөгч мэргэжлийн байж иргэний эрх хамгаалагдана. Хууль сахиулах байгууллага хариуцлагатай байж төрд итгэх итгэл бэхжинэ.