Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 цэгээр нөөцийн мах худалдаанд гаргасан. Мөн хоёрдугаар сарын 5-наас өргөтгөсөн худалдааг тогтмол зохион байгуулж, долоо хоног бүрийн гурван өдөр есөн дүүргийн есөн байршилд иргэдэд хүргэж байна.
Энэ жил нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор нийт 5016 тонн мах бэлтгээд байна. Үүнээс 2000 гаруй тонныг үхрийн мах, 3000 гаруй тонныг хонины мах эзэлж байна. Мах бэлтгэл, нийлүүлэлтэд есөн аж ахуйн нэгж оролцож, түгээлтийг хийж буй. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа.
УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Энэ жил махны үнэ нэлээд өссөн. Махны экспорт нэмэгдэж, шатахууны хомсдол үүссэн, мөн иргэдийн идэш бэлтгэдэг арваннэгдүгээр сард мах хомс байсан тул өндөр үнээр бэлтгэгдсэн зэрэг хүчин зүйлс үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн. Түүнчлэн энэ оны эхний гурван сард 22-ын товчоогоор хот руу орж ирсэн махны хэмжээ буурсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Цаашид түлшний үнэ нэмэгдвэл махны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй. Гадуур нэг кг мах 32-34 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байна. Зэрэглэл өндөртэй зах, худалдааны төвүүдэд энэ үнээр зарагдаж байна. Сүүлийн долоо хоногт Дэнжийн мянгад жижиглэнгийн худалдаа 26-29 мянган төгрөгийн ханштай байна. Харин малчдаас шууд худалдан авахад үхрийн мах 21-24 мянган төгрөг, хонины мах 16-18 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин лангуун дээр тодорхой хэмжээний нэмэгдэлтэй худалдаалагдаж байна. Мөн мах бэлтгэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа учраас махны чанар, аюулгүй байдал сайтар хангагдсан. Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд нөөц хангалттай байгаа. Иргэдийг идэш бэлтгэлийн үеэр махаа нөөцлөхийг уриалж байна” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС