Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна
Хотын дарга Х.Нямбаатар:
-Энэ удаагийн уулзалтаар хоёр сарын өмнөх уулзалтаар өгсөн үүрэг даалгаврыг дүгнэлээ. Хороодод нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход дэвшилтүүд гарсан байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ, барилга байгууламж, эвдэрхий автомашин, орц гарцыг хаасан хайс хашааг буулгасан байна. Цаашид хороодын Засаг дарга нарын саналын дагуу олон жил гацсан, суурь нь өөрөө хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө. Газар дээр нь ногоон байгууламж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, зогсоол барина. Олон жил баригдаагүй удсан барилгын асуудлыг Богдхан уулын нутаг дэвсгэртэй залгадаг хороодын Засаг дарга нар илүү ярилаа. Жишээлбэл, Зайсан орчимд явган хүний зам төлөвлөх зай талбайгүй болсон байна. Богдхан уул орчимд газрын ашиглалтын менежментийг хотод шилжүүлмээр байна гэсэн саналыг Засаг дарга нар удаа дараа хэллээ.
Дүүргүүд дундын хогийн цэгтэй болсноор хог тээвэрлэлтийн зардлаа бууруулж, ил задгай хогийн цэгүүдийг арилгаж байна. Сүүлд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Шарга морьт орчимд хогийн шахдаг цэгийг бий болгох гэж байна. Хороод өөрсдөө нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзалдаг, шинээр бүтээн байгуулалтаа төлөвлөдөг боллоо.
Зогсоол хүрэлцээгүйн улмаас автомашинаа энд тэнд тавьж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж байна. Тиймээс гэр хороолол, орон сууцны хорооллууд дунд ил болон далд зогсоолуудыг шинээр төлөвлөж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг эхлүүлнэ. Улаанбаатар хотын камерын хяналтын нэгдсэн системийг өргөжүүлнэ. Хоёр сарын дараа дахин ажлаа дүгнэнэ.