"Уламжлалт анагаах ухааны торгоны зам" төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлнэ

Б.Намуунзаяа
2024/04/18

Монгол Улсын БШУЯ, Монос групп, Эм Зүйн Шинжлэх Ухааны их сургууль, БНСУ-ын Өмнөд Кёнсон муж, Ёндок аймаг, Дэгү Хааны их сургууль хамтын ажиллагааны 6 талт санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурах ёслол БШУЯ-нд өнөөдөр болов.

Санамж бичгийн хүрээнд "Уламжлалт анагаах ухааны торгоны зам" олон улсын хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх юм. Энэхүү төсөл нь улс хоорондын хөгжил дэвшил, соёл, боловсрол, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, судалгаа инновацыг дэмжих, хоёр улсын цаашдын уламжлалт анагаах ухааны хөгжлийг олон улсад таниулан сурталчлах ач холбогдолтой.

Энэ тухай БНСУ-ын Кёнбук хойд мужийн захирал И Чоль Ү хэлэхдээ, “Монгол, Солонгос орон V-VI зууны үед торгоны замаар дамжин соёл, технологийн идэвхтэй солилцоотой байсан. Үүнд үндэслэн хоёр орны зургаан байгууллага энэхүү төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Дэлхийн шилдэг уламжлалт анагаах ухааны боловсрол, уламжлалт анагаах ухааны эрдэнэсийн санг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улстай хамтран хүний нөөцийг чадвахжуулах, судалгаа хөгжүүлэлтийг хийх хүсэлтэй байна. Энэхүү олон талт хамтын ажиллагааны санамж бичиг хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, харилцан хөгжих боломжийг бүрдүүлэх юм” гэдгийг онцлов.

Төслийн хүрээнд Монос групп, ЭЗШУИС-ийг түшиглэн олон улсын судалгааны төв байгуулах, багш судлаачдыг бэлтгэх, чадавхжуулах, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, хамтын бүтээл гаргах, эмийн ургамал тарималжуулах ухаалаг фермийн технологийг нутагшуулах, улмаар уламжлалт анагаах ухааны эх сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн жорыг инновацын бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтойг талууд илэрхийллээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна