“МИНИЙ ЭРҮҮЛ МЭНД, МИНИЙ ЭРХ, МИНИЙ ИРЭЭДҮЙ” ЗАЛУУСЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

info@focus.mn
2024/04/30

ЭМЯ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Дэлхийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд “Миний эрүүл мэнд, миний эрх, миний ирээдүй” уриатай залуучуудын уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2024-04-30/ ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукала, Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-аас энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг залуучуудын эрүүл мэндэд онцгой ач холбогдол өгч, улс орнууд энэ чиглэлд тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийг уриалах зорилгоор “Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэж буйг дурдаад  “Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тэгш байдал, аюулгүй байдал, нийгмийн идэвх оролцоо гэсэн зургаан үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр манай залуус 2022 оны байдлаар 183 орноос 61 дүгээр эрэмбэлэгдсэн.  Монгол Улс хүн амын насны бүтцийн хувьд харьцангуй залуу орон. Гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтаж байгаа нь юугаар ч сольшгүй баялаг, эрхэм үнэт зүйл юм” хэмээв.

Тэрбээр “Бид залуучуудаа эрүүл саруул оюун ухаан, бие бялдартай, эх оронч, хариуцлагатай, боловсролтой, мэдлэгтэй, мэргэжил мэргэшилтэй иргэн болгон төлөвшүүлж, баталгаатай ажил орлоготой, өөрийн гэсэн орон байртай, өмч хөрөнгөтэй болгох талаар тогтвортой, цогц бодлого явуулах үүрэгтэй. Нөгөө талаас залуус та бүхний өөрсдийн хүчин чармайлт, хариуцлага маш чухал” гэсэн юм.

Дэлхий дахинд хамгийн олон залуу үеийнхэн амьдарч буй цаг үе тохиож байгаа бөгөөд дэлхийн хүн амын тал хувь нь 30 ба түүнээс доош насныхан, 25 хувь нь 15 ба түүнээс доош насныхан эзэлдэг. Иймд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохын тулд эрүүл мэндийн тогтолцооны шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо нэн чухал байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукала хэлсэн үгэндээ дэлхийн улс орнууд залуусын эрүүл, аюулгүй ирээдүйн төлөө ажиллаж байгааг онцлоод “Өнөөдөр Монголын залуус цуглаж, алсын хараа, ирээдүй, эрүүл мэндийн төлөө хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай байна. Ази, Номхон далайн орнуудад дэлхийн нийт залуусын 60 хувь нь буюу 15-24 насны 700 сая хүн амьдардаг. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь залуус байна.

Уур амьсгалын өөрчлөлт, жендэрт суурилсан хүчирхийлэл, эрүүл бус амьдралын хэв маяг нь залуусын дунд өвлөл ихсэх шалтгаан болдог. Тиймээс хамтдаа эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм” гэв.

Бүсийн захирал хүн амын бүлэг дотроос хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг сайжруулахын тулд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглээд “Өсвөр насныхны бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн хөгжлийн алхам бүрээс шалтгаалж өвөрмөц хэрэгцээ, эрүүл мэндийн янз бүрийн эрсдэлтэй тулгардаг. Залуучууд өөрсдийн дадал зуршил, зан үйлийн онцлогийн улмаас бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг эрүүл мэндийн төрөл бүрийн эрсдэлд өртдөг. Иймд хүүхэд насандаа эрүүл мэндийн зохих түвшний тусламж үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд насанд хүрсэн эрүүл хүн болж төлөвшинө” хэмээсэн юм.

ЭМЯ-наас залуусын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр олон  талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэдий ч халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын хамгийн сүүлд хийсэн үндэсний судалгаанаас харахад залуучуудын гурван хүн тутмын нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ. Мөн 2023 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 10-35 насны хүүхэд, залуучуудын дунд 60-аас илүү хувийг эзэлсэн байна.

Улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт манай улсын нийт хүн амын 40 хувь нь буюу 1,4 сая хүн  хамрагдсан ба тэдний зөвхөн 22,4 хувь нь 18-30 насны залуучууд байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Түүнчлэн залуус өөрсдийгөө залуу учир эрүүл гэсэн ташаа ойлголттой байгааг өөрчлөх шаардлагатай юм. Мөн 18-30 насны залуусын дунд шээс, бэлгийн тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчин, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг сэргийлж болох өвчлөл тэргүүлж байна.

Тиймээс өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлуулж эмчлүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ирээдүйд үүсч болох эрүүл мэндийн болон эдийн засгийн эрсдэлээс хамгаалах учиртайг оюутан, залууст ойлгуулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг салбарынхан онцолж байв.

Уг хэлэлцүүлэгт “Монголын залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал” сэдвээр ЭМЯ-ны Нийтмйн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд илтгэл тавьсан. Мөн “Эрүүл Монгол залуус” сэдвээр 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан, “Залуучуудын эрүүл мэндэд хүрээлэн буй орчин, нийгмийн тодорхойлогч хүчин зүйлүүд” сэдвээр МУИС-ийн оюутан Г.Ану, “Залуучуудын эрүүл мэндийн төлөөх тэгш байдал, шударга ёс, нийгмийн бодлого” сэдвээр МЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Мөнхсайхан болон залуусын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр залуусын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр  Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг танилцуулж, залууст тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, боломжит шийдлийг хэлэлцэж, санал солилцлоо.

https://www.youtube.com/watch?v=4ylg-14ey-s 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна