Х.Нямбаатар: Ажил хийж байгаа хүнийг шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжлэхээ боль

Б.Намуунзаяа
2024/04/17

Замын хашлага солих ажил шүүмжлэл дагуулж байна. Учир нь энхэл донхолтой замаа засахын оронд хашлага сольж, төсвийг үр ашиггүй зарцуулж байна гэж олон нийт үзэж буй. 

Тэгвэл энэ асуудлаар болон үерээс хамгаалах, эрсдэлийг бууруулахын тулд хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "S'Outlets-ийг нураах ажил дуусах гэж байна. Ноднин сэтрэх гээд байсан Сэлбэ болон Дунд голын үерийн хамгаалалтын даланг инженерийн зураг төслөөр бэхжүүлнэ. Тендер сонгон шалгаруулалт нь зарлагдсан. Мөн ус их тогтдог 20 орчим цэгийг усны хаялгатай болгож байна. 

Бордюр ярьж байгаа хүмүүст хэлэхэд хотын зам арчлалтын ажил батлагдсан журмынхаа дагуу явагдаж байгаа. Асфальтан зам дээрээс бордюрын хэсэг 15 см өндөртэй байх ёстой. Одоо байгаа зам дээр таван см зам хучихаар бордюр 10 см болно. 

Хоёрдугаарт Улаанбаатар хотын нийт замын бордюрууд элэгдэл өндөртэй. Ажил хийж байгаа хүмүүсийг шинжлэх ухааны үндэслэл тооцоогүйгээр шүүмжилж болмооргүй байна. Хамуурсан бордюраа бид нар сольё. Хяналт шалгалт хийх инженерүүд нь түүнийгээ хийж байна. Авлига ашиг сонирхлын зөрчилтэй гэвэл хууль шүүхийн байгууллагаар шалгуул.

Хавар шар усны үерээс сэргийлээд үерт автаж болзошгүй хэд хэдэн цэгээс мөс зөөсөн. Ямар нэг шар усны үерийн аюулд нэрвэгдүүлэхгүй л гаргалаа. Мөс зөөхөөр зөөлөө гэнэ, шар усны үерт автуулахаар автууллаа гэнэ. Замаа засах гэхээр заслаа гэнэ, засахгүй болохоор зассангүй гэнэ. Мэргэжлийн инженерийн шийдэлтэй ажлууд дээр зарим хүн улс төрийн зорилготой илүү дутуу юм ярьдгаа болих хэрэгтэй. Би ажил хариуцаж байгаа хүний хувьд буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээнэ" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна