МЭДЭГДЭЛ: “Ачит Ихт” ХХК нь гадаад улсад нэг ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй

info@focus.mn
2024/04/16

  •  “Ачит Ихт"  компанитай холбоотой  гадаад улсад хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй”, “АНУ-д нэр бүхий улстөрчидтэй холбоотой хоёр хаусны асуудал илэрсэн” мэт мэдээлэлтэй холбогдуулан тус компани энэхүү мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэв.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ачит Ихт” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг, шалгалт хийсэн.

Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай бүхий л мэдээллээ гарган өгч, хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцтай холбоотой бидэнд мэдэгдээгүй, бидний огт мэдэхгүй асуудал болон илт гүтгэлгийн шинжтэй, улс төрийн зорилготой худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал мэдээллийн хуудсаар сүүлийн 3 хоног тасралтгүй явуулж байгаад харамсаж байна.   

 Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр /хуучнаар/ 1978 онд ашиглалтад орсноос хойш хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, исэлдсэн болон бага агуулгатай хүдрээр нийт 12 овоолго үүсгэснээс “Ачит Ихт” ХХК нь бага агуулгатай үүсмэл ордын 2-р овоолго дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Лондоны металл биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын аудитын байгууллагаар жил бүр баталгаажуулалт хийлгэж, татварын хяналт шалгалтад тухай бүр хамрагдан, зөрчилгүй ажиллаж ирсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 Түүнчлэн “Ачит Ихт” ХХК нь улсын төсөв болон Эрдэнэт үйлдвэр, бондоос нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт болон зээл аваагүй, харин өндөр эрсдэл гаргаж  арилжааны зээлийг банкууд болон гадаадын хөрөнгө оруулагчаас авч, үйлдвэр байгуулсныг бүх баримт нотолно.

 Гэтэл нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ачит Ихт компанийг гадаад улсад хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй”, “АНУ-д нэр бүхий улстөрчидтэй холбоотой хоёр хаусны асуудал илэрсэн” мэтээр илт худал мэдээллийг тарааж, компанийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байна.

 “Ачит Ихт” ХХК нь гадаад улсад нэг ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар ч хамааралгүй, холбоогүй болохыг албан ёсоор дахин мэдэгдэж байна.

Илт манай үйл ажиллагааг харлуулах гэсэн гүтгэлэг, улс төрийн шинжтэй худал мэдээллийг эрх бүхий байгууллага шалгаж, үнэн зөвийг тогтооно гэдэгт бүрэн итгэж байна.

                                                                                                 2024.04.16


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна