ХУВИЙН ЭЗЭМШИЛД БАЙГАА СТРАТЕГИЙН ОРДУУДЫН ТӨРИЙН ХУВЬ ЭЗЭМШЛИЙН АСУУДЛЫГ ХӨНДӨХ НЬ

info@focus.mn
2024/04/05

Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордын асуудал эргэн сөхөгдөж эхлээд байна. 

Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ач холбогдолтой 15 , стратегийн 39 нөөц ордыг УИХ-аас баталсан байдаг.   УИХ  "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай"  2007 оны 27-р тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж баталсан. Ашигт малтмалын хуулиар төсвийн хөрөнгөөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол төр 51 хувийг, хувийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон бол төр 34 хувийг нь эзэмших хуулийн заалттай юм. 

Үүнээс одоогоор долоо нь төрийн мэдлийн "Эрдэнэс Монгол" компанийн эзэмшилд байдаг бол 8 нь хувийн хэвшлийнхэнд байна. Мөн Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулан ашиглаж байсан Нарийн сухайт, Төмөртэйн ордын гэрээний хугацаа дуусаад 10 жил өнгөрчээ. Цаашид Засгийн газар УИХ-ын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоолыг хэрэгжүүлнэ хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нэгдсэн хуралдаанд мэдээлэл өгөхдөө хэлсэн.

1. Таван толгойн Чулуун нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. Тавантолгой ХК, Энержиресорс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна.

2. Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

3. Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Багануур” ХК олборлодог.

4. Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.

5. Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

6. Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.

7. Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай.

8. Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. Нөөц тооцсон талбайг хамааруулна.

9. Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. Ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг ордын хэмжээгээр ойлгоно.

10. Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.

11. Эрдэнэтийн Зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа.

12. Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

13. Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

14. Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.

15. Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа.

2013 оны 5 дугаар сарын 30-ны засгийн газрын тогтоолоор 7 ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад нэмэхээр шийдвэрлэн Их хуралд асуудлыг дэвшүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна