С.ОДОНТУЯА: Шүүхийн шийдвэргүйгээр нэг ч баривчилгаа дахиж явуулахгүй байх эрх зүйн орчныг ЭХХШТ хуулиар бүрдүүллээ

Б.Намуунзаяа
2024/02/21

Сэтгүүлч, тоймч Д.Дөлгөөний  Монгол Улс дахь хүний эрх болон ЭХХШТ-д оруулсан өөрчлөлтийн талаар тус хуулийг санаачлагч УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 УИХ-ын чуулганаар хэд эдэн чухал өөрчлөлтүүд батлагдсан. Тэр дундаа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрх Монгол улсын хэмжээнд хэрхэн яаж зөрчигдөж байгаа, түүнийг хууль эрхзүйн орчны хүрээнд таслан зогсооход ямар шийдвэртэй зохицуулалтуудыг хийх шаардлагатай вэ гэдэг асуудал Таны санаачилсан зохицуулалтаар зүйл заалт болон батлагдлаа. НҮБ-аас 2020-2022 оны хооронд гаргасан судалгаагаар шүүхийн шийдвэргүйгээр баривчлуулсан иргэд 98-99 хувь нь байна гэдэг харамсалтай тоо баримт гарсан. Энэ санал санаачилгыг хууль эрхзүйн орчинд шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд танд ямар сэдэл төрж, хаанаас хууль эрхзүйн зохицуулалтыг гаргаж ирэв?

-УИХ-ын намрын чуулганаар батлагдсан чухал хуулийн нэг бол энэ. Нэг хууль мэт боловч хүний эрхийн чиглэлээр хийгдсэн маш том реформын хууль юм. Ялангуяа Монгол Улс олон улсын түвшинд хүний эрхийг хангаж ажилладаг улсуудын тоонд яах аргагүй орж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл НҮБ-ын өмнө Монголын нэр хүнд бүрэн бүтэн болж байна гэсэн үг. Та бүхэн санаж байгаа байх НҮБ-ын шинжээчид ирээд Монгол Улс бүх баривчилгаагаа шүүхийн шийдвэргүй хийдэг юм байна гэсэн цочром мэдээлэл хийсэн. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссын 22-р илтгэлд Монгол Улс нийт баривчилгааны 98-99% нь шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан гэдэг ноцтой дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлсэн.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын хувьд хүний эрхийг зөрчсөнөөр 30-40 онд ямар том хэлмэгдүүдэлт гарсныг баримт нотолгоотой мэдэж байгаа хүний хувьд энэ чиглэлээр хуулийн төсөл санаачлаад нийт 7 удаа Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн. Ингээд амжилттай батлагдсанд баяртай байгаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад шүүхийн шийдвэргүй баривчилгаа дахиж нэг ч удаа явагдахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өмнө нь  баасан гаригийн орой, амралтын өдрүүд, хагас бүтэн сайнаар болон  баяр ёслолын өдрүүдэд баривчилгаа хийгддэг байсан бол одоо 7 хоногийн 7 өдөр өглөө 06 цагаас оройн 22 цагийн хооронд шүүх ажиллаж  шаардлагатай бол ийм шийдвэрүүдийг гаргадаг болсон.

-Бид 1992 оны Үндсэн хуулиараа ардчиллын амийг үнэ цэнтэй байлгах хамгийн анхдагч ойлголтуудын нэг болох хүний эрх,  эрх чөлөөг дээдлэх тухай тунхагласан байдаг. Тухайн иргэнийг шүүхээр шийдвэр гаргаж, яллаагүй тохиолдолд гэм буруутайд тооцож болохгүй гэдгийг Үндсэн хуулиараа тунхагласан байгаа. Бас шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байна гээд. Тэгэхээр Үндсэн хуульдаа агуулсан энэ агуулга, логикууд Үндсэн хуулиас салаалсан хуулиуд дээр яагаад хэрэгжих боломжгүй байсан юм бэ?

-Тантай санал нэг байна. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн гол үзэл санаа бол хүний эрх, эрх чөлөө халдашгүй эрхийг хангах чухал заалт бүлэгтэй, онцгой суурь хууль. Гэтэл манай бусад хуулиудад дандаа хуучин коммунист үеийн айлган сүрдүүлсэн, гэнэт шөнө ирж баривчилдаг.  Тэр нь нийт улс орон даяар дуулиан шуугиан болдог. Ингэснээрээ хүнийг яагаа ч үгүй сошиалаар түрүүлж ялладаг. Тэгээд хэсэг хугацааны дараа “Та буруугүй байсан” гээд гаргадаг. Ингээд тухайн хүн түүний гэр бүл ямар том сэтгэлзүйн дарамтад орж байгааг ерөөсөө тооцдоггүй, сонсохыг ч хүсдэггүй байсан. Өмнө нь бол “хойшлуулшгүй ажиллагаа” гэдэг нэрийн дор баривчилгаа хийдэг байгуулага, субъект, дарга эрх мэдэлтнүүд субьектив байдлаар хандаж ирсэн бол одоо энэ хуульд бүр нарийвчилж оруулж өгсөн байгаа. Тийм учраас даргын, эрх мэдэлтний дур зоргоор баривчилдаг, захиалгаар баривчилгаа хийдэг бүх асуудлууд зогсож, иргэний нийгмийн, иргэний засаглал тогтоход чухал алхам болж байна гэсэн үг.

- Дөрөв дөрвөн жилээр зохион байгуулагдаж байгаа сонгуулийн үйл ажиллагаанаас болоод сонгогчдын саналыг өөрт нэмэх оноо болгон татаж авахын тулд улс төрийн хүрээнд бохир технологиуд маш их хэрэгждэг боллоо. Үүний нэг нь сошиал орчинд таны дурдаж байгаагаар хэн нэгнийг буруутай гэдгийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулаагүй, тогтоогоогүй байж сошиал орчинд гэм буруутайг нь зарладаг. Сэжигтэн мөн эсэхийг нь нягтлаагүй хэрнээ сэжигтэн болгож зарлаад, тэр мэдээлэл дээр дөрөөлөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нийлж хавсарч байгаад цагдан хорьдог ийм үзэгдэл гаршлаа. Тэгэхээр үүнийг таслан зогсоохын тулд олон улсын туршлага юу байна? Бид улс төрийн орчин, сонгуулийн үйл явцыг илүү ёс зүйтэй, ёс суртахууны хэм хэмжээнд баригдсан зөв шударга, тэгш байдлыг хангасан үүднээс зохион байгуулахын тулд энэ нөхцөл байдлуудыг хэрхэн яаж арилгах вэ?

- Олон улсын гэрээ конвенцод нэгдсэн бол яг энэ олон улсынхаа жишгийн дагуу, дүрмийн дагуу энэ гэрээ конвенцод бичигдсэний дагуу л ажиллах ёстой. Тэрнээс биш зарим хүмүүс намайг “Та зарим үед буруу шоу хийлээ,  энэ бол манай улсын нөхцөлөөр өөр байдаг юм аа. Тэр хүмүүс бол манай нөхцөл байдлыг буруу ойлгосон” гэж хэлэх гээд байдаг. Манай улсад “монголчилсон” арга барил гэж байх ёсгүй. Нэгэнтээ олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн бол яг олон улсынхаа жишгээр бид нар хүний эрхийг хамгаалах ёстой. Үүнтэй холбоотой бүх судалгааг үзэхээр шүүхийн шийдвэргүй баривчилсан хүмүүсийг 48 цаг хорьсны дараа өөрөөр хэлбэл, тав дахь өдрийн орой баривчлаад нэг дэх өдөр шүүхийн шийдвэр гаргахдаа “42 хувь нь шаардлагагүй баривчилгаа байсан” гэсэн судалгаа бий.  Тэгэхээр 42 хувийг нэгэнтээ шаардлагагүй баривчилгаа гээд сулласан юм бол яах гэж тэр хүмүүсийг барьсан юм. Энэ хооронд тэр хүмүүсийн сэтгэл санаа, гэр бүл маш хүнд байдалд ордог. Дээрээс нь энэ хооронд авлигал бий болдог. Өөрөөр хэлбэл хамаг л таньдаг дарга эрх мэдэлтэн, шүүх цагдаа руу утасдаад хүнээ суллаж авахын тулд бүх юм аа барж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ байдлыг  нэгдүгээрт,  зогсоосон. Хоёрдугаарт, Та бас асуусан цагдан хорих талаар. Надтай маш олон иргэн уулздаг. Маш олон ээжүүд ялангуяа эмэгтэйчүүд их уулздаг. Хүүг минь ханийг минь, нөхрийг минь 461-р хорих ангид оруулаад мартчихлаа, мөрдөн байцаагч нь ерөөсөө очихгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байна. Хэзээ шүүх хурал болох нь мэдэгдэхгүй байна. Ингээд бараг мартчихлаа гэж ярьдаг.

Би бас 461-р хорих ангиад  намынхаа журмын олон нөхдийг чбас эргэж очиж байсан. Ялангуяа улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж хоригдсон манай намын олон гишүүн надад нэг л юмыг захиж байсан. “Энд 461-т  араас хүүе хаая гэх хүн байхгүй хүмүүс маш олон сар, жилээр хоригддог юм байна. Энийг болих хууль чи санаачлаач ээ” гэж даалгасан. Үүний дагуу би ажиллаад хугацаагүй цагдан хорьдог энэ асуудлыг ЭХХШТ хуулиар тасалбар болголоо. Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдагдсан хамгийн дээд тал нь 48 сар хорьсон тохиолдол байна.  Хүнийг дөрвөн жил буюу 48 сар гэм бурууг нь тогтоогдтол хорьсон.

 Одоо бол гэм буруугаас нь шалтгаалж зургаан сар, арван хоёр сар хамгийн дээд тал нь онц ноцтой гэмт хэргийн үед бол 18 сар хорино гэдэг ч юм уу тодорхой болсон.  Өөрөөр хэлбэл, дарга субьектив маягаар шийддэг зүйлүүдийг хуульд ингэж нарийвчлаад тусгасан гэсэн үг. Ийм ийм тохиолдолд зургаан сар, ийм ийм тохиолдолд арван хоёр сар гэдэг ч юм уу. Хэрвээ тэр хүнийг гэм буруутайг нотолж чадахгүй бол “Яг одоо сулла” гэдэг олон улсын зарчмыг мөрдөнө. Хэрвээ гэм буруутай бол энэ хугацаанд нотол гэсэн үг. Ер нь бол УИХ-ын гишүүд  хүний эрхийг хамгаалсан ийм хуулийг батлуулахын төлөө их олноороо ажиллах хэрэгтэй байна. Манайх хэдийгээр ардчилсан нийгэмтэй атлаа бүүр дээр  үеийн Х зууны хуулиуд нь одоо хэвээрээ мөрдөгддөг. Хүнийг юм л бол баривчилгаагаар айлгадаг коммунист хандлагыг энэ мэтээр өөрчлөх цаг нь хэдийн болсон. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна