БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна

Г.Оюунтуяа
2025/05/09

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэл, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, НБОГ-ын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймэр 3, шар өвсний гал түймэр 225 удаа бүртгэгдэж, шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин өсжээ. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр байна. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаа учраас гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, олон нийтэд анхаарууллаа.

Д.Хадбаатар: Шар өвсний гал түймэрт айлын хашаа, гэр, малын саравч, автомашин зэрэг нийт 108 эд хөрөнгө өртсөн

Мэдээллийн үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд он гарсаар Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шарын хоолой, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уул, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх ууланд ой хээрийн түймэр гарч, шуурхай арга хэмжээ авч, унтрааж ажилласан. Шар өвсний гал түймэр он гарсаар 255 удаа бүртгэгдсэн. Ил гал гаргах, татсан тамхиа унтраахгүй хаях, шар өвс шатаах, үнс нурмаа тагтай саванд хийгээгүй зэргээс гал түймэр гарч байна. Мөн дулаарч байгаатай холбогдуулан зуслангийн бүсэд хашаа гагнах үеийн гагнуурын оч, цахилгааны буруу угсралт зэрэг нь гал түймэр гарах үндсэн шалтгаан юм.

Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр зонхилон гарч байна. Шар өвсний гал түймэрт айлын хашаа 75, өвөл, зуны сууц 10, гэр 10, бие засах газар 6, малын саравч 3, чингэлэг 2, хүлэмж 1, автомашин 1 нийт 108 эд хөрөнгө өртсөн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд иргэдийг зорчуулахгүй байх захирамж гаргасан. Иймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, ил гал гаргахгүй байх, аюулгүй байдлаа хангахад анхаарна уу. Цаг уурын байгууллагын мэдээллээр амралтын өдрүүдээр 20 хэм болж дулаарах төлөвтэй байна. Энэ үед ЕБС, их, дээд сургуулийнхан төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөе. Зуслангийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд хашаагаа засах, гагнах үедээ аюулгүй байдлаа бүрэн хангах, шар өвсийг хадуураар хадах, мэргэжлийн хүнээр цэвэрлүүлэх, хогийн цэгт хаяж хэвшмээр байна. Нэг хүний санамсар болгоомжгүй үйлдэл эдгээр эрсдэлийг дагуулж байгаа юм” гэлээ.

Г.Нацаг: Гал түймрээс сэргийлэх хөдөлгөөнт эргүүл болзошгүй эрсдэлийн 23 түймрийг унтраалаа

Гал түймрийн эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Тэрбээр “Он гарснаас хойш урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн арга хэмжээг нийслэлийн ногоон бүсийн 5 чиглэлийн ойн сан бүхий газар гуравдугаар сарын 20-ноос эхлэн зохион байгуулж байна. Ойн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хугацаанд ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй үе гэж тооцдог. Тухайн 5 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлд нийслэлийн онцгой, цагдаа, байгаль орчны газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа. Дээрх хугацаанд болзошгүй эрсдэлийн 23 удаагийн түймрийг унтрааж, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах ангиудтай хамтран 21 удаагийн түймрийг унтраалаа.

Нийслэлийн Байгаль орчны газраас 49 албан хаагч амралтын өдрийг оролцуулан гуравдугаар сарын 20-ноос эхлэн гал түймэр гарах эрсдэлээс сэргийлсэн хариуцлагатай жижүүрийг хийж ажиллалаа. Мөн орон нутгийн иргэдээс 60 иргэнийг урамшуулалт эргүүлээр ажиллуулсан. Гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээж, хүргэсэн. Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт хүрсэн буюу хуурайшилт маш өндөр, хур тунадас харьцангуй бага байна. Тиймээс иргэд ногоон бүсэд ил задгай гал гаргахгүй байх, оч баригчгүй техник хэрэгсэлтэй зорчихгүй байхыг сэрэмжлүүлье” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 6 минутын өмнө
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 47 минутын өмнө
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 5 цагийн өмнө
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 6 цагийн өмнө
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 23 цагийн өмнө
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 23 цагийн өмнө
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна Өчигдөр
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛЬ ЛАУРЕНСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Өчигдөр
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 2026/10/27
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 2026/10/27
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2026/10/27
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 2026/10/27