Аугусто Пиночет (1915 оны 11-р сарын 25-нд Чилийн Вальпараисо хотод төрсөн – 2006 оны 12-р сарын 10-нд Сантьяго хотод нас барсан) нь 1973 оны 9-р сарын 11-нд Чилийн Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн социалист засгийн газрыг түлхэн унагасан цэргийн хунтын удирдагч байв. Пиночет Чилийн цэргийн засгийн газрыг (1974–1990 онд) тэргүүлж байжээ. Түүний дарангуйллын үед дэглэмийг нь эсэргүүцэгч олон арван мянган хүн эрүү шүүлтэд өртөж байв.Сантьяго дахь цэргийн академийг (1936 он) төгссөн, мэргэжлийн цэргийн албан хаагч Пиночет нь төрийн эргэлтийг өөрөө төлөвлөж, удирдан явуулахаасаа ердөө 18 хоногийн өмнө Ерөнхийлөгч Альендегийн зарлигаар армийн ерөнхий командлагчаар томилогдож байв. Тэрээр төрийн эргэлтээр засгийн эрхийг гартаа авсан цэргийн зөвлөлийн (хунта) тэргүүн болж, Чилийн либерал сөрөг хүчнийг нухчин дарах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд дэглэмийн эхний гурван жилийн хугацаанд 130 орчим мянган хүнийг баривчилсны дотор олон хүн эрүү шүүлтэд өртжээ. 1974 оны 6-р сард Пиночет ерөнхийлөгчийн хувиар бүх эрх мэдлийг ганцаараа атгах болж, цэргийн зөвлөлийн бусад гишүүдийн үүргийг зөвхөн зөвлөх төдий түвшинд шилжүүлсэн байна.Пиночет Чили дэх зүүний үзэл санааг үндсээр нь устгаж, улсынхаа эдийн засагт чөлөөт зах зээлийн бодлогыг дахин сэргээхийг зорьж байв. Түүний тэргүүлсэн цэргийн дэглэм эсэргүүцэгчдийг харгис хэрцгийгээр дарж байсныхаа төлөө олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байсан хэдий ч, Альендегийн засгийн газрын социалист бодлогыг халсны үр дүнд 1976-1979 оны хооронд инфляцын түвшин буурч, эдийн засаг эрчимтэй өсжээ. Сонгогчдын 75 хувь нь Пиночетийн засаглалыг дэмжсэн болохыг бүх нийтийн санал асуулгын дүнгээр зарласны дараа 1978 онд улс төрийн амьдралыг тодорхой хэмжээгээр чөлөөлөх үйл явц эхэлсэн байна.1981 оны 3-р сард батлагдсан шинэ Үндсэн хуулийн дагуу Пиночет 1989 он хүртэл найман жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихаар болсон бөгөөд тухайн онд болох бүх нийтийн санал асуулгаар түүнийг дахин найман жилийн хугацаагаар ажиллуулах эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөж байв. 1980-аад оны үед Пиночетийн хэрэгжүүлсэн чөлөөт зах зээлийн бодлого нь 1980–1983 оны эдийн засгийн хүнд хямралыг үл харгалзан инфляцыг нам түвшинд барьж, эдийн засгийн өсөлтийг зохих түвшинд хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг. Пиночет улс төрийн бодит сөрөг хүчин үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй байсан хэдий ч Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төлөвлөгөөт санал асуулгыг (плебисцит) хугацаанаас нь өмнө буюу 1988 оны 10-р сард явуулжээ. Санал асуулгын дүнд сонгогчдын 55 хувь нь "үгүй" гэж, 43 хувь нь "тийм" гэж санал өгсөн байна. Сонгогчид түүнийг дэмжээгүй хэдий ч Пиночет албан тушаалдаа үлдэж, 1990 оны 3-р сарын 11-нд чөлөөт сонгуулиар шинэ ерөнхийлөгч, Христийн Ардчилсан намын төлөөлөл Патрисио Эйлвин тангараг өргөн ажилдаа орох хүртэл эрх мэдлээ хадгалсаар байв.