Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орно.
Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө агаарын температур огцом буурах, зарим үед уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай.
Есдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2...8°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан байдаг.
Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм ордог.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.